ФРОНТ ЦЭГМИД “ЦАГААН УТАС ТАСРАХГҮЙ ЯВСААР ...”
ФРОНТ ЦЭГМИД “ЦАГААН УТАС ТАСРАХГҮЙ ЯВСААР ...”
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар энэ жил тохиох Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн дурсгалын медалийг Монгол Улсын 25 ахмад дайчинд гардуулах шийдвэр гарчээ.
Энэхүү эрхэм дээд хүндэтгэлийг үзүүлэхээр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин тэргүүтэй ажлын хэсэг Дундговь, Говь-Алтай аймгийг зорин хүлгийн жолоо залав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОХУ-ын ЭСЯ-ны ахлах зөвлөх О.И.Жуков, Дайн, Энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Г.Лүндэн, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, “Үнэнч мөнх андууд” ТББ-ын тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Н.Ганболд, гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Л.Амарсайхан, “ОХУ-тай хамтран ажиллах санаачилгын Монголын төв”-ийн захирал Д.Цэцэгдэлгэр, “Монгол хурандаа” нийгэмлэгийн хэвлэл мэдээллийн албаны дарга бэлтгэл хурандаа Ц.Баярсайхан, “Дайны жилийн түүх” баримтат киноны зургийн баг, МҮОНТ, “Улаан одхон” сонин, Аist Global телевизийн сурвалжлах бүрэлдэхүүн багтсан юм.
Бага үдийн алдад тал нутгийн тэнүүн зоны өлгий Мандалговь хотод аяны дөрөө мултлав. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Нутгийн удирдлагын ордондоо хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр тус аймгийн бахархалт эмэгтэй, олон түмэндээ “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуайд Эх орны дайны ялалтын медаль гардуулахаар хүрэлцэн ирсэн ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв.
Цааш нь Цэгмид гуай 83 жилийн тэртээ Улаан армид 5 хонь, ганц 1 морио бэлэглэж байсан гэдэг. Өнөөдөр ч манай иргэдийн нинжин сэтгэл хэвээр байгаагийн жишээ нь Зүүн аймгуудад тохиолдсон хээрийн түймэрт мал сүргээ алдсан малчдад туслах “Нэг өрх-Нэг хонь” хандивын аянд олноороо нэгдэж одоогийн байдлаар 3100 хонь, ямаа, 50 орчим сая төгрөгийн хандив бүрдээд байгаа тухай ярилаа.
Цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин “Монголын ард түмний тусламж бол хариу нэхээгүй, чин сэтгэлийн хандив байснаар онцлог юм. Архивын эх сурвалжаас үзэхэд Эх орны дайны фронтод монголын 88 иргэн орос нөхөдтэйгээ мөр зэрэгцэн тулалдсан, 200 гаруй монгол хүн ар талд Улаан армийг хэрэгцээтэй бүхнээр хангах үйлсэд хүчин зүтгэсэн баримт байдаг. Бидний уулзахаар зорин яваа Фронт Цэгмид гуай бол хоёр орны ард түмний хувьд түүхэн хүн юм” гэж онцлон дурдав.
Засаг дарга С.Мөнхчулуун ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ирсэн Сайхан-Овоо, Говь Угтаал, Дэлгэрхангай сумдын уугуул бэлтгэл хурандаа Г.Лүндэн, Л.Ганбаатар, Г.Нямдорж нарт нутаг орны брэнд бүтээгдэхүүний дээжээс гардуулж дурсгалын зураг авхууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан газарчлан Сайхан Овоо сумын зүг хөдлөв. Ардын уран зохиолч С.Дашдооровын “Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхий харагдана” шүлэглэсэн хөндлөн хөх уулс алсад дүнхийж, хааяа нэгэн тааралдах хонин сүрэгт хөрөвчсөн хурганууд цовоо нь аргагүй давхилдаж, хуртай зун улирсны баталгаа том, жижиг нуур тойромууд цэлэлзээд тал нутгийн хавар үгээр хэлж барамгүй үзэсгэлэнг бүрдүүлэх ажгуу.
Ахмад дайчны нутаглан буй Галт хайрхны зүүн сугад биднийг Сайхан Овоо сумын Засаг дарга Б.Арсланбаатар тэргүүтэй орон нутгийн удирдлага угтан авлаа. Тал нутгийг чимэн урсдаг Онгийн гол, ертөнцийн хаан Өгөөдэй өртөөлсөн буурь, сүжигтэн олны сэтгэлийн хойморт заларсан Онгийн гурван хийд гээд бахархах сонин ихтэй нутаг ус билээ.
Холоос газар эмтэртэн довтолсон биднийг зорьсон газраа ирэхэд Фронт Цэгмид гуайн том хүү, аймгийн заан Ц.Гомбосүрэн ингэний цагаалга мэлтэлзсэн мөнгөн аяга барин угтав. Тал нутгийн ард олны зочломтгой зан ийнхүү дөрөө мултгахуй мэдрэгдэж тэд гоёлын дээлээ өмсчихсөн нүүрэндээ мишээл тодруулан зогсох авай.
Дэрлүүлж барьсан хоёр гэрийн хойморийн өргөөнд суугаа Фронт Цэгмид гуай биднийг ороход “Здравствуйте друзья” хэмээн оросоор мэндчилэн угтах нь чихнээ содон сонсогдож байлаа. 102 насны сүүдэр тохойж байгаа гэхэд тэнхлүүхэн, яриа хэл нь тод, өнгөрсөн 80 гаруй жилийн түүхээ өчигдөрхөн болсон аятай урсгах нь гайхал, бахдлыг төрүүлж байлаа.
Хошууч генерал П.В.Петрунин “Би энэ домогт хүнтэй гурав дахиа учран золгож байна. Уулзах бүр түүний баруун гарыг атгах дуртай. Учир нь 1943 онд фронтод бэлэг хүргэж дуусаад маршал Х.Чойбалсангийн хамт Зөвлөлтийн нэрт удирдагч И.В.Сталинтай уулзаж гар барьж байсан юм билээ” гэсэн сэтгэлд дотно үг хэлэв.
Тэрээр Ерөнхийлөгч В.Путины зарлигаар шагнасан Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн медалийг фронт Цэгмид гуайн энгэрт хүндэтгэлтэй зүүж, нандигнан хадгалахыг хүсье гээд зээ охин Ц.Мөнгөнтуяад үнэмлэхийг гардуулан өглөө.
Дараа нь ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиковын гарын мэндчилгээ, бэлгийг ЭСЯ-ны ахлах зөвлөх О.И.Жуков түүнд өргөн барив. Мөн Монгол Оросын найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн бэлэг, ОХУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны бэлэг, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны мэндчилгээ гарын бэлгийг тус тус гардуулж фронт Цэгмид гуайд сайн сайхныг хүсэн ерөөв.
Ахмад дайчин С.Цэгмид гуай “Нөхөр Сталин биднийг Улаан Кремльдээ хүлээж аваад “Зовох цагт нөхрийн чанар танигддаг юм байна” гэж хэлж байсан нь миний цээжинд тод үлдсэн. Таван хошуу малынхаа буянаар 18 настайдаа Улсын Сайн малчин нэрийг авч 19 настайдаа Зөвлөлтийн фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Сайн малчдын 2 дугаар зөвлөгөөнд орж Хөдөлмөрийн хүндэт медаль, 3 дугаар зөвлөгөөнд оролцож Алтан гадас одон хүртэж явсан энэ цагаан уяа тасрахгүй явсаар өнөө хүрлээ. Энэ замналдаа би их баярлаж байдаг юм” гэж хэллээ.
учиргүй.
 
 
 
 
 
 
 
 
 
Цааш нь тэрээр “Гэртээ уяатай гурван ишгэнд хөлөө хүргээд унтдаг, малдаа их хайртай, дандаа эвийлж, үнсэж, олон ингэ ботголуулж явсан тэр малын буян надад бүрэн халджээ. Мал гэдэг чинь Лха таван тэнгэр юм шүү дээ. Одоо цагт маань хөгжүүлсэн хөгшид өвгөчүүд л мал дээр үлдэж хоцорсон байна. Үүнийг дээр дороо бодож ухаарч яваарай. Сайхан Монгол орноо мандуулж, Монгол-Оросын найрамдлаа улам зузаатгаж явахыг захъя. Та бүхэн маань миний насыг насалж эрүүл энх, сайн сайхан яваарай” гэсэн сургаалиа айлдлаа.
Хот айлаас нар хэвийхийн алдад мордож аяны харгуйгаа үргэлжүүлэв. Сайхан Овоо сумын удирдлага хүндэт зочдоо нутгийн дээсээ хэтэрч Өвөрхангай аймгийн Баянгол сумын хаалга хүртэл гаргаж өглөө. Түүхэн хүнтэй уулзаж сэтгэл догдлол нь дээд цэгтээ хүрсэн хурандаа Л.Амарсайхан Соёмботой бугуйн цагаа мулталж Сайхан Овоо сумын хэсгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ш.Ууганбаярт дурсгаж орхив. Хурандаагийн сэтгэлийн бэлэг Фронт Цэгмид гуайн хэлсэнчлэн түүний цагаан уяа болж хүсч мөрөөдсөн ирээдүйд нь хүргэх болтугай хэмээн ерөөе дөө.
Умардад Арвайхээр хотын гэрэл тэнгэрийн одод газарт буусан мэт ярайсаар нэг л мэдэхэд хүрч очлоо. “Танкийн тусгай хороо” 256 дугаар ангид биднийг халуун дотно хүлээж авав. Оройн зоог дээр дэд ахлагч О.Батдоржийн Орос дууны попури хөөмий алжаалыг тайлах шиг онцгой сэтгэгдэл төрүүлснийг дурдахгүй өнгөрөх аргагүй.
Өглөө нь ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан хорооныхоо үүх түүхийг танилцуулж хошууч генерал П.В.Петрунинд сумны хонгиогоор урласан содон шийдэл бүхий бяцхан танкийг гардуулав. Цэргийн атташе ирэх жил ОХУ-д Танкийн биатлон тэмцээн зохиогдоно. Танайхаас экипаж оролцвол бэлтгэлийг хангахад туслахад бэлэн гэж хэллээ.
Зочломтгой анги хамт олонд талархал илэрхийлээд бидний зам хоёр тийшээ саллаа. Учир нь ЭСЯ-ны ахлах зөвлөх О.И.Жуковын ахалсан хэсэг Говь-Алтай аймгийг зорьж, үндсэн бүрэлдэхүүн нийслэлийн зүг хүлгийн жолоо заллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн дурсгалын медаль гардуулах нэр хүндтэй үйл хэргийг гүйцэлдүүлж ахмад дайчдынхаа сэтгэлд баяр бахдлыг төрүүлж явна гэдэг бид бүгдийн хувьд азтай завшаан байсан.
Чухамдаа энэ түүхэн ялалтын өдрийг ойртуулахын төлөө Монголын ард түмэн унтах нойр, идэх хоолоо умартан юу байгаа бүхнээ фронтод бэлэглэж явсан нинжин сэтгэлийн түүх мартагдах учиргүй.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бадарч [ 43.242.243.188 ] 2025.04.07 16:12
ФРОНТ БАДАМЫН ЗЭЭ. хөрөг нийтэлийн хэсгээс .... “Бүхнийг фронтод илгээж, бүгдийг ялалтад зориулж байсан” тэртээх Агуу их эх орны дайны үед монголын ард түмэн бусдын нэгэн адил хуртай тарган малаа, хурдан морио, өмсөх дээлнээс эхлээд гарт барих бээлийгээ хүртэл илгээж байсан түүхтэй. Монголын ард түмний цуглуулсан хөрөнгөөр бүхэл бүтэн танкийн цуваа байгуулж, алдарт Енисей мөрнийг гатлан Берлины хананд хүрсэн содон явдал ч байдаг. Увс нутгийн олон малтай ах дүү баян Бадам, Иргэл нар тухайн үед бараг бүх малаа фронтод илгээж, “Фронт”нэрийг хүртсэн гэдэг. “Фронт” нагац нарынхаа зам мөрийг сэргээж яваа буяны үйлстэн бол Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн мянгат малчин Цэвээний Цэрэнпагам юм. Тэрээр, “Хүмүүнлиг үйлсийг Мянгат малчид тэргүүлэх” уриатай МУЗН, Мянгат малчдын холбооноос зохион байгуулсан Баруун-Уртын зөвлөлгөөнд оролцон, буяны үйлст 50 толгой хундан цагаан хонио бэлэглэжээ. Цаг хугацааны хувьд нэгэн жарны дараа, удам судартаа үеийн үед дуурайлал, дуурсгалтай гэгээн үйлсийн давтамж тохиох аз завшаан зээгийн хувьд гагцүү сайн малчин Цэрэнпагамд ноогдлоо. Аймгийнхаа УЗХороонд өгч байгаа хандив бол ядарч зүдэрсэн хэн нэгэнд хүргэх зорилготой буяны юмыг би өгснөөс зохих ёсны байгууллагаас гардуулах нь зохимжтой гэж бодоод, их бага гэлтгүй сүү цагаан идээ, хувцас хунарыг хүмүүнлигийн байгууллагаараа л дамжуулдаг гэж тэрээр ярив. Хүн ер нь зовж зүдрэхээрээ аргагүй найдсан итгэсэндээ хандана. Тэрхүү итгэлийн галыг бөхөөхийг тэрээр бараг л нүгэлд бодно. Нутаг усны дутагдаж гачигдсан хэн боловч хэрэгцээ л гарвал “Пагмаа эгч” рүү л явна. Цаадах нь булгийн ус шиг биш болохоор учирлаж ухуулж хэлээд өгөөд л явуулах жишээтэй. Угтан золгох бар жилийн босгонд, сүүлийн 3 жилийн хөдөлмөрийн тогтвортой амжилтаараа улсын хэмжээнд тэргүүлсэн 32 шилдэг малчины нэг Цэвээний Цэрэнпагамд “Улсын сайн малчин” цол олгожээ Дорнодын тал нутгаас сүүлийн жилүүдэд улсын сайн малчны буухиа тасраагүй бөлгөө...
Шинэ мэдээ