Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо. Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар болон хотын уулзвар, гарцуудад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем болон нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.