СЭВРЭЙ СУМАНД ГҮНИЙ УСНЫ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд бэлчээрийн ус хангамжийг сайжруулах зорилгоор 30 инженерийн хийцтэй шинэ худаг гаргаж, 20 худагт засвар, тоноглолын ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд бэлчээрийн усжуулалтын түвшин 60 гаруй хувьд хүрээд байна.
Энэхүү ажлын хүрээнд Сэврэй сумын Сайншанд багийн нутаг дэвсгэрт гүний усны худаг баригдаж, ашиглалтад орлоо. Гадаргын усны нөөц хомс бүс нутагт гүний худаг гаргаснаар малчид улирлын нүүдэл хийх, бэлчээр сэлгэх боломж бүрдэж, усан хангамжийн нөхцөл мэдэгдэхүйц сайжирч байна.
Тус худаг нь говийн бүсийн усны хомсдолыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, мал аж ахуй болон орон нутгийн иргэдийг ундны усаар хангах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.