ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ 50 АЖ АХУЙ НЭГЖ НИЙТ 8.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА.
Өмнөговь аймаг орон нутгийн иргэд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах, хөнгөлөлттэй зээл олгох замаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж олгон дэмжих ажлыг хэрэгжүүлдэг. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт 5 хүртэлх жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийг 2019 оноос хойш санхүүжүүлэн олгосон. Энэ хугацаанд нийт 143 аж ахуй нэгжид 22.2 тэрбум төгрөгийн зээл олгосноор 208 ажлын байр хадгалагдаж, 510 ажлын байр шинээр нэмэгдэн үйл ажиллагаа нь өргөжиж үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар сайжирсан үр дүн үзүүллээ.
Тус зээлд хамрагдах хүсэлтэй ч төсөл боловсруулах, бизнесийн тооцооллоо хийх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас хамрагдаж чадахгүй байгаа иргэд аж ахуй нэгжид зөвлөн туслах, төрийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх “Өсөлттэй Өмнөговь-ЖДҮ оролцоо” арга хэмжээг зохион байгуулж 300 гаруй иргэн, аж ахуй нэгжид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж үүний үр дүнд улсын хэмжээнд хамгийн олон аж ахуй нэгж буюу 157 төслийн 18.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ирүүлсэн байна. Төслийг нээлттэй сонгон шалгаруулж журмын дагуу санхүүжилтийг олгосон бөгөөд төсөлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл санаачлагыг бодит ажил хэрэг болгож, олон бизнес эрхлэгчдэд боломж олгосон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд талархал илэрхийлж байгаагаа мэдэгдлээ.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат, ЖДҮГ-ийн дарга Я.Эрдэнэсайхан нар хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгуулж, шалгарсан 50 аж ахуй нэгжид гэрээний эрх үүрэг, хариуцлага, зээлийн эргэн төлөлт, хяналт мониторингийн талаар холбогдох эрх зүйн зөвлөгөө мэдээлэл сургалтыг холбогдох мэргэжилтнүүд өгч ажиллав.