Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Оксфордын их сургуулийн Олон улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төвийн судлаачидтай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдалд үнэлгээ хийхэд өнгөрсөн хугацаанд Британи Улс дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, ирэх 10 дугаар сараас эхлэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд явуулахад дахин хамтран ажиллахыг хүслээ.
Элчин сайд Фиона Блайт хүсэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай үзүүлэхээр ажиллаж буй нь сайшаалтайг дурдаад хөгжиж буй орнуудыг дэмжих Британийн “Дижитал хөгжлийн стратеги”-ийн хүрээнд 2030 он гэхэд дор хаяж 50 сая эмэгтэйчүүд, охидыг цахим ертөнцөд аюулгүй байх, зохистой ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгод Монгол Улсын охид, эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн талууд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамруулсан харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Цаашид хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал шилжилтийг түргэтгэх, кибер аюулгүй байдлыг хангах, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чухал суурь болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.