ИРГЭДДЭЭ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ "MINDRAY NX07" АППАРАТЫГ АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв Mindray NX07 загварын зөөврийн ЭХО аппаратыг хүлээн авч, ашиглалтад орууллаа. Энэхүү орчин үеийн ЭХО аппарат нь аймгийн хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмж байсан бөгөөд ашиглалтад орсноор зүрхний төрөлхийн болон олдмол гажгийг илүү нарийвчлалтай, эрт үед нь илрүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн зүрх, судас, хэвлий, дотор эрхтэн, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт зэрэг олон чиглэлээр оношилгоо хийх хүчин чадалтай, өндөр нягтаршилтай дүрслэл бүхий орчин үеийн шийдэлтэй төхөөрөмж юм.
Тус аппаратыг үр дүнтэй ашиглахын тулд БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг зүрх судасны оношилгооны чиглэлээр нэмэлт сургалтад хамруулж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж байна. Үүний үр дүнд зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээд зогсохгүй, эмчилгээ үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн багийн чадавх нэмэгдэж, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй, чанартай, үр дүнтэй болж байна.