Б.Гурвансайхан, Б.Галбадрах нарыг өчигдөр “Шударга журам” медалиар  шагналаа

Ерөнхийлөгч  Х.Баттулга үерт автсан хүүхдүүдийг авран хамгаалж, эр зориг гаргасан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сурагч ах дүү Б.Гурвансайхан, Б.Галбадрах нарт талархал илэрхийлж баатарлаг үйлсийнх нь төлөө “Шударга журам” медаль гардууллаа.

Тэд өнгөрсөн долдугаар сард хоёр болон гурван настай дүү нараа үерийн аюулаас эсэн мэнд аварсан билээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын гуравдугаар багийн нутагт хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автаж, амралтаараа очсон ах, дүү хоёр гэрт байсан дүү нараа үерийн аюулаас аварчээ.

Б.Галбадрах Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 8в ангид сурдаг бол Б.Гурвансайхан тус сургуулийн 10в ангид сурдаг. Хоёр эгч, нэг дүүтэй. Одоо аав, ээж, эмээ дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг.

Б.Гурвансайхан: Өнгөрсөн долдугаар сарын 2-ны 17:30 цагийн орчим манай аймагт их хэмжээний үер буусан. Үер 45 орчим минут үргэлжилсэн. Эхлээд манай ахын том гэр их хэмжээний усанд автаж, урссан. Бид тэр үеэр бага гэртээ байсан. Удалгүй бага гэрт их хэмжээний ус урсан орж ирж, унь нь унаж, зарим мод нь хугарсан. Тэр үед нь би дүү нараа орон дээр суулгаж байгаад усыг нь шавхаж эхэлсэн. Маш их ус орж ирэхээр нь бид айж байсан ч яаж эндээс амьд гарах вэ, дүү нараа яаж хамгаалах вэ гэж бодож байлаа. Тэр үед надаас өөр том хүн байгаагүй. Манай 13 настай дүү, хоёр болон  гурван настай хоёр үеэл дүү нар минь байсан. Ах, эгч нар бүгд сумын төв явчихсан юм л даа.

Ус урсан орж ирэхэд би яах ёстой вэ гэдгээ л бодсон. Сандарсан үед толгойд орж ирсэн бүх зүйлээ л хийж байлаа. Эхлээд ус орж ирэхэд буйдан дээр бүх зузаан хувцсаа овоолсон юм. Даарвал дүү нартаа нөмрүүлнэ гэж бодож байлаа. Усан дотор удаан зогссон болохоор сүүлдээ би өөрөө даараад, хөл бээрээд, газар гишгэхээр хөл мэдээгүй болоод байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхээр нь буйдан дээрх зузаан хувцаснуудаа хөл дороо шидээд, дүү нараа суулгасан усанд урсах гээд байсан буйдангаа хойш нь жийсэн. Тэгсэн чинь буйдангийнх нь хөл хугарчихсан. Ингээд хугарсан хоёр хөл дээр нь налж суугаад дахиад хойш нь жийв. Налж, жийж суухгүй л бол буйдан урагшаа тонгорчих гээд маш эвгүй байсан. Дүү минь надад маш их тусласан. Хөлөөрөө зуух руу нь тулж, хоёр дүүгээ тэвэрсэн. Хэрвээ хоёр дүүгээ тэврээгүй бол ус тэднийг давахаар үер байсан. Ер нь хүмүүсээс сонссон, ам дамжсан яриануудыг нь санаж, санасан болгоноо хийж гэрээ урсахгүй байх арга хэмжээ авсан.

Б.Галбадрах: Ахыгаа өвдгөөр нь татсан усан дунд зогсож байхад би юу ч хийж чадахгүй, дүү нараа тэврээд л сууж байсан. Бага хэмжээний ус гэр рүү орж байснаа гэнэт тас, няс гэсэн дуу гараад хоёр багана дээш хөөрөөд, унинууд нь хугараад эхэлсэн. Тэгсэн ах маань унасан унинуудыг дээш хөшөөд бага гэрээ урсгалгүй тогтоож үлдсэн. Сүүлд ус татарсны дараа ах гэрээсээ гараад харахад бага гэр 2-3 метр орчим газар урсаж, том гэртэй нийлчихсэн байсан.

Ерөнхийлөгчөөс шагнал авна гэж бодохоор өөртөө итгэхгүй байсан. Ингээд “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа” гээд Ерөнхийлөгчийг үг хэлэхэд л итгэсэн гэжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ