Б.Буджаргал Чиангмай хотод зохион байгуулагдсан 12 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлжээ.
Б.Буджаргал олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд гүйлтээр хичээллээд арав гаруй болжээ. .Өмнөговь аймагт арван жилийн хүүхэд байхдаа л гүйдэг байсан тэрээр гүйлтээ ахиулсаар 2008 оноос хойш олон удаагийн гүйлтээр хичээллэж эхэлсэн байна. Хамгийн анх 2008 онд Улаанбаатараас Бээжин хүртэл 1500 км газар нэг сар гүйж тэр цагаас хойш олон өдрийн гүйлтээр хичээллэх болсон гэдэг. 2014 онд Нью Йоркт олон өдрийн гүйлтийн хамгийн анхныхаа тэмцээнд орсноос хойш нийт 10 тэмцээнд оролцож, 5 удаа аварга болжээ.
Б.Буджаргал: Хамгийн анх 2014 онд зургаа хоногийн гүйлтэд гүйж байсан. Анх оролцож байсан учраас туршлагагүй, Монгол Улсын хамгийн анхны оролцогч болон ганцаараа Нью-Йорк руу явж байлаа. Ганцаараа явсан учраас хажууд тусалж дэмжих хүн байхгүй, хэлийг нь мэдэхгүй гэх мэт бэрхшээлүүд их байсан. Тэгэхдээ ямар ч байсан тэмцээндээ амжилттай оролцож 485 км гүйж тавдугаар байр эзэлж байсан.
Түүнээс хойш жил бүр олон өдрийн гүйлтийн тэмцээнүүдэд оролцож амжилтаа ахиулж ирсэн. Ингээд 2017 онд гурван жилийн дараа аварга болсон. Тухай үед гүйж байхдаа өөртөө “чамд II дугаар байр гэж байхгүй I дүгээр байр л гэж байгаа. Хэрвээ чи I дүгээр байранд орж чадахгүй бол үх” гэсэн хатуу үгийг өөрийнхөө тархинд кодолсон. Ингээд зүтгэсээр байгаад түрүүлж аварга болсон. Хоёр дахь удаагийн гүйлтэд зургаа хоногт 687 км гүйж аварга болж байсан. Тэр үед маш их ядарсан, ядаргаанаас үүдээд хөл дээр хатиг гарсан байсан учраас маш их зовж байж аварга болж байсан. Түүнээс хойш өөрчлөлт шинэчлэлт хийж, хооллолт дээрээ анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Ингээд хооллолт дээрээ өөрчлөлт оруулж махнаас гарсан. Ер нь судлаад үзэхэд холын зайн гүйлтээр хичээллэж байгаа хүмүүс мах хэрэглэдэггүй. Миний хувьд сүүлийн хоёр жил мах хэрэглээгүй. Мах идэхгүй байхаар бие маш хөнгөрдөг учир гүйхэд таатай байдаг. Махнаас гадна гурил, будаа иддэггүй зөвхөн түүхий жимс, ногоогоор хооллодог. Ингэж хооллох нь амжилтаа ахиулахад маш том тусалж байгаа. 2019 оны арванхоёрдугаар сард Хятад улсад зохион байгуулсан тэмцээнд оролцсон. Тус тэмцээнээр зургаа хоногт 834 км гүйж, хувийн рекордоо шинэчилж, Ази тивийн анхны рекорд тогтоосон байгаа.
Анх зургаа хоногт 485 гүйж байсан бол одоо зургаа хоногт 834 км гүйж байна. Арван хоногийн гүйлтийн тэмцээнд хамгийн анх 2015 онд Нью-Йорк хотод очиж оролцоход 790 км гүйж байсан. Харин одоо арав хоногт 1304 км гүйж байгаа нь амжилт маш сайн ахиж байгааг харуулж байгаа. Жил 100 км-аар амжилтаа ахиулж байгаа учир дэлхийн рекорд маш ойрхон байгаа гэж харж байгаа.
Тэмцээнд оролцоход багадаа 20 орчим сая төгрөг шаардагддаг бөгөөд хувийн эмч, дасгалжуулагчтай, мэргэжлийн сэтгэл зүйчтэй орно гэвэл 40 саяас наашгүй. Хувийн сэтгэл зүйч, эмчтэй явбал арай бага зовно. Өнгөрсөн тэмцээнүүдэд нийт 200 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байгаа. Энэ нь зөвхөн тэмцээнд оролцох үеийн зардал, харин бэлтгэл сургуулилалтын зардлаа оруулбал 500 сая хүрнэ. Миний хувьд гүйлтийнхээ хажуугаар ажил хийдэггүй учир хүмүүсээс хандив гуйж, тэдгээр хүмүүсийн дэмжлэгээр л тэмцээн уралдаанууддаа орж байна. Намайг дэмжиж тусалдаг бүх хүмүүстээ баярласан гэдгээ хэлмээр байна.
Анх 800, 1500 метрт гүйдэг байснаа ахиулж марафонд 42 км зайд гүйдэг болоод, дараа нь 24 цагийн гүйлтэд гүйж гүйлтийн зайгаа ахиулсаар байгаад зургаа болон арван өдөр тасралтгүй гүйдэг болж амжилтаа ахиулсаар байна. Цаашдаа дэлхийн хамгийн олон өдрийн гүйлт болох 5000 метрийн гүйлтийн тэмцээнд оролцох сонирхолтой байгаагаа цахим хуудсандаа илэрхийлжээ.