“Зүүн дээр”, “Оддын дайн”, “Мулен Руж” зэрэг киногоороо алдаршсан Холливудын жүжигчин Эван МакГрегорын Монголоос үрчлэн авсан Жамъян охин 19 нас хүрлээ.
Эван Макгрегор Чарли хэмээх найзтайгаа мотоциклоор аялж явахдаа UNISEF-ийн төслийн шугамаар Монголын Хүүхэд асрах төвөөр зочилсон нь монгол охин үрчилж авах шийдвэрийн эхлэл байжээ.
“Бид мотоциклоор аялсаар Улаанбаатар хотод очсон юм. UNISEF-ийн төслийн шугамаар би Хүүхэд асран хамгаалах төвөөр очих төлөвлөгөөтэй байсан бөгөөд хамт аялж явсан найз Чарлитай би тэр “аймшигтай” нөхцөлтэй газарт очлоо. Хаалгаар оронгуут тээр буланд шалан дээр хэвтэж байсан бяцхан охин анхаарал татсан. Нүд халтирам туранхай, дөрвөн настай тэр охин толгойгоороо хана үрээд, чичирчихсэн хэвтэж байсан юм. Хөл, гар нь маш туранхай, зүрх минь зүсэгдэх шиг л болсон. Мэдээж бид хоёр тэндхийн бүх хүүхдийг өхөөрдөж, хэрхэн туслах арга замыг ярилцаад буцсан нөгөө охиныг би яагаад ч мартаж чадаагүй. Удалгүй 2006 онд эхнэр Ивтэй хамт Монголд очиж, бяцхан охиныг хууль ёсны дагуу үрчилж авсан. Гэхдээ энэ тухай би нарийвчлан яриад байхыг хүсдэггүй” гэжээ.