Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж буй. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг өнөөдрийн байдлаар /2024.12.03/ 60 хувьтай үргэлжилж байна.
Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байна. Тухайлбал эдгээр хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.
Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Гэвч нүдний үзлэгт ороод буй 13,882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй аж. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ.
Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт зүрх-судасны эрхтэн тогтолцооны өвчин ордог. Тиймээс хүүхдүүдийн дунд зүрхний эмгэгийн эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох нь нэн тэргүүний анхаарах асуудал болоод буй.
Тиймээс ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 16,153 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийгээд байна. Эдгээр хүүхдүүдийн бичлэгийг эмч нар хянаж байгаа бөгөөд 10 орчим хувь нь өөрчлөлттэй гарах урьдчилсан тооцоотой байна.