Ц.Баатархүү: AI-ийг шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд орууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өгөгдөл нь мэдээлэл, факт, тоо эсвэл дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг бөгөөд тэдгээрийг компьютерт хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон хувиргадаг. Жишээлбэл, тоо, текст, зураг, дуу болон бусад хэлбэрин мэдээллийг өгөгдөл гэж нэрлэж болно. Өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулж ашиглах хүчин чадал нь дэлхийн эдийн засагт үсрэнгүй хөгжлийн хаалгыг нээж байна.

Олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,

  • Дэлхийн эдийн засгийн форум үеэр судлаачид “2030 онд өгөгдөл нь дэлхийн эдийн засагт 3 триллион ам.долларын эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой” хэмээн дурджээ.
  • Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD) “Нээлттэй өгөгдлийн санаачлагууд нь тухайн улс орны нийгэм, эдийн засагт 10-50 дахин өндөр үр ашгийг авчирч байгаа” талаар онцлов.
  • Мөн McKinsey-ын судалгаагаар “Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг байгууллагаас 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байгаа”-г дурдсан байна.

Иймд дэлхийн улс орнууд өгөгдлийн тогтолцоо, засаглал, удирдлагыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд гаргаж, ирээдүйд өрсөлдөх чадвар, төрийн шийдвэр гаргалт, үйлчилгээг сайжруулахыг зорих болжээ.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюуныг төрийн шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд оруулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд буй 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор баталсан. Тус өгөгдлийг нэгтгэх, төрийн шийдвэр гаргалтад ашиглах дата архитектурыг хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаарлагатай байна. Цаашид хиймэл оюуны эрх зүйн орчныг бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна” гэдгийг онцлов.

 

 

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра “Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд өгөгдлийн засаглал чухал үүрэгтэй. Үндэсний өгөгдлийн санг хөгжүүлэх санаачлагыг (Power of data initiative) бий болгож байна. Энэ нь өгөгдлийн ач холбогдол, нөлөөллийг (power of data) хэрхэн өөрийн эдийн засагтаа ашиглах, хэрэглэх талаар бодож буй бүхий л улс орнуудтай холбогддог. Дижитал орчинд өгөгдөл нь Megabyte, Gigabyte-аас Zettabyte-аар хэмжигдэж байна. Иймд, өгөгдлийн засаглалын үр дүнтэй байгаа эсэх, ялангуяа хиймэл оюун болон бусад Emergency technology-ийн хэрэглээтэй холбоотойгоор өгөгдлийн засаглалыг үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг ярилцах хэрэгтэй байна. Тиймээс, Монгол Улсын хувьд өгөгдлийн засаглал, үзэл баримтлалыг үр дүнтэй боловсруулах, хөгжүүлэх чадавх бэхжүүлэхэд маш чухал үе дээрээ байна гэж харж байна” хэмээн дурдлаа.

Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд шинэчлэлийн бодлого боловсруулах, институт хоорондыг уялдуулах, манлайлах, өгөгдлийг үүсгэх, шинжлэх, нэгтгэх гэх мэт процессийг хөгжүүлэх, түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү хурлын хүрээнд төрийн болон олон улсын байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүдийн өгөгдлийн засаглалын талаарх ойлголтыг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан цаашид идэвхтэй хамтран ажиллах бүх боломж, гарцыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ