Эрхэм хүндэт ойн салбарын ажилтан, албан хаагчид, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Ина Марчюлёните, Хөвсгөл аймгийн Засаг дарга, ноён П. Лхагважав, Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсад ой, модны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн түүхт ойг тэмдэглэх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
1924 онд Улаанбаатар, Сэлэнгэ аймгийн Ерөөгийн эх Ходоод, Дорнод аймгийн Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон зэрэг газруудад анх ойн анги байгуулагдсанаар манай орны ойн салбарын үндэс суурь тавигдсан түүхтэй. Энэ түүхэн цаг хугацаанд ой, модны салбар маань ихээхэн хөгжиж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон арван ололт амжилтад хүрсэн байна.
Ой нь байгаль орчны тогтвортой байдлыг хангаж, байгалийн чухал өвийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал ач холбогдол бүхий баялаг бөгөөд хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг билээ. Үүнийг манай ард түмэн “Амьдралын эх ус, усны эх мод” хэмээн яруу тодоор тодорхойлсон байдаг. Ойн энэ их арвин баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нь та бидний эрхэм зорилго байх ёстой.
Өнгөрсөн хугацаанд ойн салбарын хамт олон ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойгоос гарч буй бүтээгдэхүүний ашиглалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр маш олон ажил хийж гүйцэтгэсэн. Үүнтэй зэрэгцэн сүүлийн жилүүдэд хүний сөрөг нөлөө, ой хээрийн түймэр, хортон шавжийн тархалт зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлсээс болж ой мод ихээр хорогдож, ойн нөөц эрс багасч байна.
Монгол Улс 2021 оноос эхлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлаг, манлайлал дор "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан ургуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ойрхог чанарыг 9 хувьд хүргэхийг зорьж байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт бий болгож, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэхэд нэн чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Энэхүү хөдөлгөөн эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452-т хүрч нэмэгдсэн бөгөөд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үр, 62.9 сая ширхэг тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж, нийтдээ өнөөдрийн байдлаар 41.5 сая модыг тарьж ургуулаад байна.
Түүнчлэн хөнөөлт шавжийн хөнөөлөөс үүсэх хорогдлыг багасгахын тулд ойн зохистой менежмент, хяналт, хамгаалалтын арга хэмжээг эрчимжүүлснээр 2023 онд 275.0 мянга, 2024 онд 300 гаруй мянга талбайд буй тэрбум орчим модыг доройтох эрсдэлээс хамгаалжээ.
Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийн санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд, Европын Холбооны санхүүжилтээр “Монгол орны хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд ирэх 4 жилд хэрэгжих төслийн II шатны гэрээг энэ оны 8 дугаар сард үзэглэсэн.
15.8 сая еврогийн санхүүжилттэй энэхүү II шатны төсөл хэрэгжих дөрвөн аймгийн нэгд Хөвсгөл аймаг нь багтсаныг дуулгахад таатай байна. Хөвсгөл аймгаас гадна Хэнтий, Сэлэнгэ, Завхан аймагт хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Төслийн хүрээнд ойн болон хөдөө ахуйн бүс нутагт тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсролыг дэмжих, ойн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, доройтсон орчныг нөхөн сэргээх замаар эдийн засгийн тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлыг хангах нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан чухал асуудал болоод байна. Эх дэлхийн хуурай газрын 30 хувийг эзэлж буй ойн эко систем, түүний үйлчилгээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, хадгалан хамгаалж чадвал хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл, аюулгүй ирээдүйг бүтээж чадах болно.
Эх дэлхийн уушги болсон ногоон орчноо хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх их үйлсэд хүчин зүтгэж яваа ойн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.