ХЭҮК-ийн Гомдол хянан шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Агаарын чанар улам дордож, бохирдол буураагүй хэвээр байна. Иймд Засгийн газраас 2017 онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ДЦС-аас бусад аж ахуй нэгж байгууллага, иргэдийг сайжруулсан шахмал түлш хэрэглэж харин түүхий нүүрс түлэхийг хориглосон. Энэ мэтчилэн үе шаттай арга хэмжээ авсан боловч агаарын бохирдол ор тас алга болоогүй.
Агаарын бохирдол нь хүн амд амьсгалын замын, уушги гуурсан хоолой, зүрх судасны өвчлөл үүсгэх гол хүчин зүйл болоод байна. НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна. Монголд жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэх статистик мөн бий. Түүнчлэн 0-5 хүртэл насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан уушгины хатгалгаа өвчин орж байна гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байна.
Тиймээс сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд онцгой анхаарах шаардлага нэгэнт бий болсон. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай гэж дүгнэлээ” гэв.