Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр (2024.09.09) АНУ-ын олон улсын худалдааны асуудал эрхэлсэн худалдааны дэд сайд, хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзан, Монгол Улсад хүрэлцэн ирж, манай яаманд зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам АНУ-тай харилцан тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд:
АНУ-ын Төрийн департамент болон MITRI зэрэг байгууллагуудтай хамтарч Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон олон нийтийн кибер, халдлага зөрчилтэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон.
Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 10 компанийг байршуулж, Цахиурын хөндийн эко системд бойжуулах эхлэлийг тавьсан.
Google компанитай хамтран мэргэжлийн цахим ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд “Grow with Google” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Олон улсын цахим төлбөр тооцооны “Apple Pay” системийг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд АНУ-тай дараах чиглэлээр хамтран ажиллана.
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл
Хөрөнгө оруулалтын сан (Matching fund, Venture fund)
Сансрын технологи, сансар судлал
Кибер аюулгүй байдал