Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Хүй долоон хутагт зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам-2024" наадам үргэлжилж байна.
Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийслэлийнхэн, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэн сайхан наадаарай хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Даншиг наадам-Хүрээ цам-2024”-ыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадам 2023 оноос Монгол үндэсний бөхөөс гадна өвөрмонгол, буриад, тува бөх барилдах боллоо. Ингэж хүрээгээ тэлж байгаа нь “Даншиг наадам-Хүрээ цам” маань Монгол туургатны баяр болох боломжийг нээж байна. Хүрээ цам гэдэг өөрийн жиг даягтай шашны том ёслол юм. Энэхүү наадам Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна" гэв.
Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ юм. Даншиг наадам түүнээс хойш соёл, уламлалыг хадгалан баяжуулсан монголчуудын өв болжээ. Харин 2015 онд сэргээсэн байна. Тэр үед хүрээ цам гаргах ёстой гэдэг санал гарч дэмжигдэн “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болон хувирчээ.
Цам гэдэг нь Их хөлгөний шашин тэр дотор тарнийн ёс дэлгэрсэн Бутан, Непал, Буриадад цамын ёслол үйлддэг. Монголын бурхны шашны Агваан нэртэй 5 зүтгэлтэн Да хүрээнд байсан. Түүний нэг Их Хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам" гэдэг номоос хүрээ цамыг гаргаж ирсэн. Хүрээ цам нь Монголчууд Да хүрээний уур амьсгалд нийцүүлж, үндэсний хувцасны ур хийц нэвт шингэсэн, 4 уулын савдаг оруулж өгснөөр бусад газрын цамаас ялгаатай гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНА-ны дарга Ч. Бямбажаргал тайлбарлав.
Энэхүү шашин соёлын наадмыг зорин ирж, үзэж яваа гадаадын жуулчдын сэтгэгдлийг нь сонсов.
Италийн иргэн Давид Агуст, “Монгол наадам 7 дугаар сард болдог гэдгийг би сонсож байсан. Гэхдээ энэ удаа наймдугаар сард ирлээ. Даншинг наадам-Хүрээ цамыг үзээд Монголын үндэсний баяр наадмын талаар нэлээн сайн ойлголттой болж байна” гэлээ.
Харин иргэн Клауди Манчини, “Монголд би анх удаа ирлээ. Даншиг наадам-Хүрээ цамын бүх зүйл миний сонирхлыг их татаж байгаа. Энэ наадмыг хоёр өдөр үзээд илүү олон зүйлийг олж мэднэ гэж бодож байгаа” гэв.
"Даншиг наадам-Хүрээ цам 2024" наадам хоёр өдөр үргэлжилнэ.