Казахстаны Алматы хотод энэ сарын 9-19-нд болсон 2024 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид гурван медаль хүртлээ.
Тус тэмцээнд 33 орны 650 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулан аваргууд тодорчээ. Тэмцээний хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд хүрэл медаль, 14 насны ангилалд Г.Тэнгүүндалай мөнгөн медаль хүртсэн байна.
Харин охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Хүслэн мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр есөн өргөөс долоон оноо авсан байна. Түүний хувьд тэмцээний эхэнд түргэвчилсэн буюу рапид төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр Э.Хүслэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд медалийн тавцанд зогслоо.
26 дахь удаагийн энэхүү тэмцээнд 650 гаруй өсвөрийн шатарчин оролцсон нь Азийн түүхэнд хамгийн олон оролцогч өрсөлдсөн тохиолдол болж байгаа аж. Харин манай улсаас 27 шатарчин оюун ухаанаа уралдуулсан юм.
Эх сурвалж: /МОНЦАМЭ/