АРХАНГАЙ 300 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛГИЙНХЭЭ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
Архангай аймаг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой шинэ эмнэлэгтэй болсноор иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тохь тухтай орчинд чанарын өндөр түвшинд шуурхай үзүүлэх боломж бүрдлээ.
Нээлтээ хийсэн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн эмчилгээ, оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж бүхий амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсэг, яаралтай тусламжийн төв зэрэг цогцолбор байдлаар баригдсан нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болно гэдэг итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 48 хувиар өссөн нь Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч буй томоохон бодлогын үр дүн юм.
Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авсан. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг орчин үеийн компьютер, таблетаар хангаж байна.
Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдад 460 сая төгрөгийн өртөгтэй, туулах чадвар сайтай, хүнд өвчтөн тээвэрлэж яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон автомашинаар хангасан.
Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалинг 10 хувиар, үйлчилгээний ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлж, орон нутгийн нэмэгдлийг аймгийн төвд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд 20 хувь, суманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд 40 хувиар тооцон олгож эхэлсэн.
Ингэснээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах нөхцөл бүрдэж нөгөө талдаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.