“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт 2,8 их наядыг төвлөрүүлэв
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурал болж, тус компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт зохих журмын дагуу даргалж, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ нар оролцлоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд 28.2 сая.тн нүүрс олборлож, 34.1 сая.тн нүүрс борлуулан, 9.5 их наяд төгрөгийн орлого олсоноор цэвэр ашиг нь өмнөх оноос 2.7 их дахин өсөж 3.5 их наяд хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.
Өнгөрөгч онд нүүрсийг биржээр борлуулах ажлыг эхлүүлж, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 65 удаагийн цахим дуудлага худалдаагаар 1.26 тэрбум ам.долларын 9.8 сая тонн нүүрсийг биржээр арилжаалсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлээс экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын албан нөөцийг 2023 онд 3.4 тэрбум ам.доллароор нэмэгдүүлснээс “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа 2.2 тэрбум ам.доллар төвлөрүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэнийг уг хурлаар онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төг, 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг хуваарилж 1072 хувьцаатай иргэнд нийт 401 мян төгрөгийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд тус тус олгоод байна.