МЭРГЭЖЛИЙН СУМОГИЙН СЭКИВАКИ АЛТАНХУЯГИЙН ИЧИННОРОВ ЗОДОГ ТАЙЛЛАА. Мэргэжлийн сумогийн Сэкиваки Алтанхуягийн Ичинноров 2010 оноос хойш сумо бөхөөр хичээллэж, 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зодог тайллаа.
Уг арга хэмжээнд Япон Улсын талаас мэргэжлийн сумочид, хөгжөөн дэмжигчид нийт 400 гаруй хүн, Монгол Улсаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Норовсамбуу, нагац ах Улсын харцага Н.Алтансүх, бэр эгч Улсын мэргэн П.Хаданчулуун болон ах дүү, хамаатан садан, найз нөхөд 80 гаруй хүн, оролцлоо.
А.Ичинноров нь: Тэрээр 16 настайдаа 2010 оны 3 дугаар сараас эхлэн Япон улсын Тоттори Жохоку ахлах сургуульд ирж, 3 жилийн хугацаанд бүх Японы улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 8 удаа хувиараа, олон удаа багаараа түрүүлсэн байна. Сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, багаараа 3-р байр эзэлж байсан.
Ахлах сургуулиа төгсөөд 1 жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа базааж, насанд хүрэгчид болон их сургуулийн тэмцээнд түрүүлж, мэргэжлийн сумогийн макушитагийн 15-аас шууд орох эрхээ авч байсан амжилттай юм. 2014 оны 1 дүгээр сараас Мэргэжлийн сумогийн Минато дэвжээнд харьяалагдаж, 4 баше барилдаж амжилт үзүүлсэний дараа дээд зиндаанд дэвшсэн. 4 баше барилдахдаа 1 удаа журео зиндаанд түрүүлж байсан юм. 2014 оны 9 дүгээр сараас Дээд зиндаанд дэвшин барилдсан башедоо аварга, арсланг унагаж, сүүлийн өдөр хүртэл түрүүлэх өрсөлдөөнд явж, 13 даваа, 2 унаатайгаар башег тэргүүлсэн ба Японы сумо бөхийн түүхэнд 100 жил эвдэгдээгүй байсан түүхэн амжилтыг эвдэж, нэгэн шинэ түүх болон үлдсэн бөгөөд 13 давж “секиваки” буюу Монголоор “Арслан” цол хүртсэн билээ.
Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сар хүртэл дээд зиндаанд тогтмол барилдаж, тусгай шагнал 4 удаа хүртэж, жүрео зиндаанд 2 удаа түрүүлсэн байна. Ичинноровт “аваргыг унагаасан буюу алтан од” шагнал нийт 9 байдгаараа өнөө цагийн бөхчүүдийн дунд хамгийн амжилттай яваа үзүүлэлт бөгөөд нэг удаа сумогийн салбартаа “оны шилдэг тамирчин”-аар шалгарч байсан түүхтэй.
Тэрээр сумогийн дээд зиндаа буюу Макучи зиндаанд 2022 оны 7 дугаар сард түрүүлсэн бөгөөд 2023 оны 3 дугаар сард жүрео зиндаанд барилдаж, 14 даваагаар түрүүлж, сайхан амжилттайгаар зодгоо тайлсан билээ.