Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой

Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөлд хуваагддаг.

Нянгийн гаралтай хоолны хордлогын үед хоол, хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч нянгаар бохирдож, тухайн хүнсний зүйлд нян их хэмжээгээр үржиж хороо ялгаруулах бөгөөд улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар буюу клостридиум ботулинум нянгаар үүсгэгдэх ботулизм болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно.

Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодист хүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна. Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар зэрэг алсын үр дагаварт хүргэнэ.

Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний хоолны хордлогоос ялгарах онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчлүүлнэ. Өвчтэй малын мах сүү, бохирдсон хүнсний ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ