Жирэмсэн ээж халдвар авч, эхний гурван сар дотроо тэмбүү өвчнийг эмчлүүлэхгүй ураг томорвол ямар эрсдэл үүсэх вэ?
Төрөлхийн тэмбүү гэж юу вэ?
Жирэмсэн эх тэмбүүгийн өвчтэй тохиолдолд эхийн хэвлийд байгаа хүүхдэд эхсийн цусны эргэлтээр халдвар дамжиж хүүхэд тэмбүү өвчтэй төрөхийг "төрөлхийн тэмбүү" гэж нэрлээд байгаа юм. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, хүүхэд насны, бага насны төрөлхийн тэмбүү гэж ангилдаг. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү, төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны, хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үзнэ.
Эхээс урагт ямар замаар, яаж халдварладаг юм бэ?
Ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй байдаг. Жирэмсний эхний гурван сар дотор эхэс хараахан үүсэж амжаагүй байдаг болохоор эхчүүд жирэмсний хяналтандаа гурван сар дотроо орвол эрт оношлоод, цусны эргэлтээр урагт тэмбүүгийн халдвар дамжихаас нь өмнө сэргийлж эмчлэх боломжтой байдаг.
Жирэмсний гурван сараас хойш эхэс үүсээд, ээж хүүхэд хоёр цусны нэг эргэлттэй болдог учир ээж өвчтэй үед эхсийн цусан хангамжаар ураг халдвар авдаг. Гурван сараас хойш үед илэрсэн тохиолдолд оношлоод эмчиллээ гэхэд ээж хэзээ халдвар авсан байна, тэмбүүгийн аль үед шатандаа халдвар явж байгаагаас хамаараад гарах үр дагаврууд харилцан адилгүй. Жирэмсэн болохоосоо өмнө халдвартай байгаад оношлогдоогүй жирэмсэлсэн тохиолдолд эрт болон хожуу үеийн зулбалт, амьгүй төрөлт, амьд төрсөн ч амьдрах чадваргүй учраас нас баралт, эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүүхэд төрөх зэрэг сөрөг үр дагавартай.
Эх нь тэмбүүгийн халдвартай бол хүүхэд хугацаагаа гүйцээхгүй дутуу төрөх, амьгүй төрөх эрсдэлтэй.
Төрөлхийн тэмбүү өвчний шалтгаанууд юу вэ? Ямар замаар халдвар авах эрсдэлтэй вэ?
Тэмбүү өвчний халдвар:
* Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох,
* Баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн,
* Эхээс урагт гэсэн гурван замаар дамждаг.
Ялангуяа манайд төрөлхийн тэмбүүгийн бүх тохиолдол нь ээж бэлгийн замаар халдвар авсан тохиолдол байгаа юм. Ээж нь тэмбүүгийн халдвартай тохиолдолд хүүхэд халдвар авна. Энэ бол үөвхөн жирэмсэн ээжийн тухай асуудал биш. Үүний цаана нь аав нь гэж хүн бий.
Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа бол жирэмслэхээсээ өмнө гэр бүлийн хосууд хамтдаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд заавал хамрагдах ёстой.
Гэтэл эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахгүй, эхчүүд жирэмсний хяналтанд хамрагдахгүй явсаар ийм эрсдэл үүсдэг. Төрөлхийн тэмбүүгийн нийт тохиолдлуудыг харахад 48% нь огт жирэмсний хяналтад ороогүй эхчүүдээс бүртгэгдсэн байна. Үлдсэн жирэмсний хяналтанд орсон эхчүүдийн хувьд өгөх ёстой шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээндээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаагаас шалтгаалж халдвар тээж байгаагаа ч мэдэхгүй төрөх хугацаа нь тулж байгаа харамсалтай явдал тохиолдож байна.
Жирэмсэн ээж болон гэр бүлийн хүн нь ер нь ямар шинжилгээг хэзээ өгөх шаардлагатай вэ?
Ээж жирэмсэн болсон л бол эхний гурван сар дотроо жирэмсний хяналтандаа заавал орох ёстой. Ээж ямар нэг өвчтэй бол эрт хяналтандаа орсноор эмчилж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой. Мөн өөрийн биед гарч буй өөрчлөлт, шинж тэмдгийг анзаарч мэддэг байх хэрэгтэй.
Тэмбүү өвчний нэг онцлог нь толгой, шүд өвддөг шиг зовиур байдаггүй.
Тиймээс тэмбүүгийн нэгдүгээр үед биен дээр илэрч байгаа тууралт, шарх зэргийг анзаарах хэрэгтэй. Хэдийгээр шарх ил байгаа боловч цусны шинжилгээ өгөх үед сөрөг буюу эрүүл гарч болно. Тиймээс эмч шархыг нь харж байж зөв оношлох юм. Тухайн хүн өөрт гарсан өөрчлөлтөө эмчдээ хэлэлгүй шинжилгээ өгсөн тохиолдолд мэдэхгүй өнгөрөөх эрсдэлтэй гэдгийг анхааруулж хэлье. Эрсдэлтэй алхам хийсэн л бол энэ талаараа эмчдээ заавал хэлж зөв шинжилгээ хийлгэн, зөв онош тавиулах хэрэгтэй.
Тэмбүү өвчнийг эрт үед нь илрүүлэхийн тулд ямар шинжилгээ өгвөл зохистой вэ?
Одоо үед шинжилгээний аргууд мэдрэг болж, хүртээмж ч илүү сайжирсан. Өрхийн эрүүл мэндийн төв, дүүрэг болоод аймгийн эмнэлгүүдийн БЗДХ-ын кабинетүүдэд халдварын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Сайн дураараа ирээд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бүрэн боломжтой. Ковидын нөлөөгөөр иргэд PCR/ПГУ шинжилгээг сайн мэддэг болсон. Энэ шинжилгээгээр далд хэлбэрийн болон, эрт үеийн тэмбүү, бусад бэлгийн замаар дамжих 20 гаруй өвчнийг илрүүлэх боломжтой байдаг.
Жирэмсэн ээж халдвар авч, эхний гурван сар дотроо тэмбүү өвчнийг эмчлүүлэхгүй ураг томорвол ямар эрсдэл үүсэх вэ?
Ээж оношлогдох үедээ тэмбүү өвчний аль үедээ оношлогдсноосоо хамаарч эмчилгээ, авах арга хэмжээ нь өөр байна. Халдвар аваад удаагүй буюу 1-р үеийн тэмбүүтэй бол эмчилгээ хийлгэхэд хүүхэд эрүүл төрнө. Ээж нь эмчлэгдсэн тохиолдолд төрснийх нь дараа нярайн биеийн байдлыг үнэлж урьдчилан сэргийлэх эмчилгээг мөн хийдэг. Харин ураг нэгэнт томорсон бол амьгүй төрөх, төрөлхийн тэмбүүтэй төрөх, хожуу үеийн зулбалт, амьд төрсөн ч амьдрах чавдаргүй тул нас баралтаар төгсөх аюултай. Үүгээр ч зогсохгүй эхийн эрүүл мэндэд ч асар сөрөг нөлөөтэй. Тиймээс гэр бүл болж байгаа залуус хүүхэдтэй болохоосоо өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт орж, өөрчлөлт, өвчин байгаа бол түүнийгээ эмчилж эдгэрсний дараа хүүхэдтэй болох нь хамгийн зөв. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг л ойлгох хэрэгтэй.
"Тэмбүү өвчин" дархлаа тогтдоггүй, өвдөөд эмчилгээ хийлгээд эдгэрсэн ч дахиад халдвар авах эрсдэлтэй. Тиймээс эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай.
 
ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч, клиникийн профессор М.Тунгалаг
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ