Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд: Монгол Улс дэлхийн хаана байна вэ? гэдгийг бид ярих ёстой. Ардчиллын дуу хоолой болсон институт болохынхоо хувьд Монгол Улсад хүний эрх эрх чөлөө, шударга ёсны манаач, тууштай дэмждэг бодлогын институци байх ёстой.
АЗХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох сонгууль цаг үеийн захиалга, шаардлага гэж харж байна. Ажил эрхлэлт буурсан, хувийн бизнесүүд дампуурсан, дарга ангид үйлчилдэг хууль бий болсон байна. Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 330 сумаас 400 гаруй ардчилсан залуусын төлөөлөл энэхүү танхимд хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улсад голлох экспортын бүтээгдэхүүн уул уурхай боллоо. Баялагийг ямар дарга анги, хэн эзэмшиж байна вэ? гэдгээс шударга ёс хэдий чинээ алдагдаж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр Ардчилсан нам хүчтэй дуу хоолой байх цаг ирсэн. Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүн нэг бүрд талархал илэрхийлье!
Ардчилсан нам түүний дэргэдэх Залуучуудын байгууллага өөрсдийн зүрх, тархиар, мөрийн хөтөлбөрөөр сонголтоо хийдэг байх ёстой.
Хүчирхэг, түлхэж чаддаг үзэл санааны нэгдэл бол Ардчилсан Залуучуудын Холбоо байх ёстой. Популизмаас ангид, үнэт зүйлтэй байх ёстой. Парламентын засаглалыг тууштай дэмждэг, хамтын удирдлагын тогтолцоог дэмждэг хүн Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч байх ёстой.
Хувийн өмчийг дээдэлдэг, бизнесийн эрх чөлөөг дэмжигч, хүний эрх, эрх чөлөөг дэмждэг, үеэ манлайлдаг Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч байх ёстой.
Залуу хүн болгоны төлөөлөл, дуу хоолой байх ёстой. Гурван нэр дэвшигчдээ онцгойлон баяр хүргэе. Дотоод эв нэгдлээ эрхэмлэн нандигнаж, эрх баригчдын үйлдэлтэй хатуу тэмцэх цаг болсон байна.
Зөвхөн намын хэмжээнд улс төр хийх биш, улс орны хэмжээнд улс төр хийх, бодлого ярих залуус хэрэгтэй байна. АЗХ-г монголын шинэ үеийн манлайлал төрдөг институци болгоё!
Нэг намтай, нэг даргатай, нэг тамгатай болсон цаг дор АЗХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, амжилт хүсье!