Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг шатсан байдалтайгаар энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас олжээ.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр: 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр 54 настай эмэгтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр өөрийн оршин суух газраас алга боллоо гэсэн мэдээллийг түүний ар гэрийнхэн есдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст тэмдэглүүлсэн байна.
Мэдээллийн дагуу хороо хариуцсан хэсгийн байцаагч эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллаж, амь хохирогч эмэгтэйн цогцсыг энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтайгаар олжээ.
Одоогоор уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалжийн хэлснээр, талийгаач болон хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарсан ажээ.