Монгол, Хятад, Орос гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв;
“Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах талаар авах арга хэмжээ;
"Монгол, Хятад, Оросын "Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г батлах;
Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын Сайд нарын VIII хурлыг зохион байгуулах газар, товыг тогтох тухай болон бусад асуудлыг хэлэлцэж тогтов.
Талууд цар тахлын дараа Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын солилцоо тогтвортой сэргэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, механизмыг сайжруулан өргөжүүлэх, Хятад, Монгол, Оросын ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн ажиллах талаар санал солилцлоо.
“Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутын бий болгож сурталчлахын тулд гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр практик туршлагаа солилцож, маршрутын дагуу дэд бүтцийг оновчтой болгож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сайжруулж, брэндийг олон улсад сурталчлан таниулж, нэр хүндийг нэмэгдүүлэх шаардлагатайг талууд онцоллоо.
Ингээд "Түмэн газрын цайны зам"-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг байгуулах, сурталчлах хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г батлав.
Мөн Гурван талт гурван улсын аялал жуулчлалын захиргааны газар, аялал жуулчлалын холбоо, байгууллагуудын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлэх гурван талт ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.
Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын VIII уулзалтыг 2024 онд ОХУ-д зохион байгуулахаар талууд санал нэгдлээ.