Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсыг байгуулан Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглаж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоон, монгол үндэстний суу алдрыг бадраасан Их Эзэн Чингис хааны төрсөн нутгийн гал голомтыг сахин суугаа Хан Хэнтий нутгийн түмэн олонд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Монгол түмний өвөг дээдэс Бурхан Халдун хайрханд бууриа зассан тэр цагаас хойш энэ нутагт Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрний үе үеийн ихэс дээдэс, хаадыг хаан өргөмжлөх ёслол үйлдэн, өндөр төр, өргөн түмнийхээ ариун гал голомтыг хөгжөөн бадрааж ирсэн түүхтэй гэдгийг дурдав.

Хан Хэнтий нутгийг Эзэн Чингис хааны алтан ургийн Шолой сэцэн хан сахин сууснаар Халх дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймаг хэмээгдэх болсон түүхтэй бөгөөд 1923 онд “Хан Хэнтий уулын аймаг” хэмээн нэрлэсэн юм.

Тухайн үед Хан Хэнтий уулын аймаг нь өнөөгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамарч байсан бөгөөд 1930 онд Дорнод аймаг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Хан Хэнтий аймаг нэгэн цагт дэлхий ертөнцөд амар амгаланг тогтоож, хөгжил дэвшлийг цогцлоосон аугаа их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан мянганы суут хүмүүн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтойг онцоллоо.

Тиймээс Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртайг тэмдэглэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагнаж, баяр хүргэлээ.

Баярын хурлыг Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нээж үг хэлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн түүхэн хөгжил, бүтээн байгуулалтын талаар илтгэл тавьсан юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ