ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр зургадугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж ирсэн.
                Монгол Улс энэ өдрийг дэлхийн улс орнуудтай хамтдаа тодорхой уриан дор тэмдэглэж, олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн өдрийн уриа “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэв”.
                Жанжин Сүхбаатарын талбайд  зохион байгуулсан “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон үе үеийн хүндэт донорууд, сайн дураараа цусаа хандивлагч иргэд оролцлоо.



                Дэлхийн өдрийн арга хэмжээг ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нээж хэлсэн үгэндээ “Сайн дураараа, авлагагүйгээр цус, сийвэнгээ тогтмол хугацаанд өгөх нь аюулгүй цусны нөөц бүрдүүлэх гол үндэс төдийгүй байнга цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насыг аварч, тэдний амьдралын баталгаа болдог билээ. Өнөөдөр шинээр 131 хүндэт донор төрснөөс хамгийн залуу нь 26 настай байгаа нь бусдын төлөө сайн дураараа цусаа хандивлахад залуучуудын оролцоо нэмэгдсэнийг харуулж байна” хэмээн онцолж байсан бөгөөд энэ жил тохиож буй Монгол Улсад Цусны алба үүссэний түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаагаа хэлсэн.



                Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, бусдад амьдрал бэлэглэж байгаа үе үеийн хүндэт доноруудад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн мэндийг хүргэж талархал илэрхийллээ. Тэрбээр “Таны цуснаас сийвэн, ялтаст эс, улаан эс гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг ялган авч цус багадалттай, мэс засалд орсон, төрөхийн хүндрэлтэй эхчүүд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөн, хавдрын эмчилгээ хийлгэж буй иргэд зэрэг нэн шаардлагатай хүмүүст өгч, амь насыг нь авардаг билээ.
                Олон улсын цус сэлбэлтийн албанд цусны нөөц бүрдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал хэвээрээ байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн эмчилгээнд хэрэглэгдэх сийвэнгийн бүтээгдэхүүний хүртээмж хангалтгүй байгаа тул сийвэнгийн доноруудыг шинээр элсүүлэх шаардлага тулгараад байна” хэмээсэн.
                Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах хүрээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр цусны албаны эрхзүйн орчинг боловсронгуй болгох, техник, технологи, барилга байгууламжийн шинэчлэл, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байгааг мөн хэлсэн.  



                Хатагтай Др Сокорро Эскаланте “ДЭМБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран цус, цусан бүтээгдэхүүн хаана хэрэгцээтэй байгааг тодорхойлж, тэр бүгдэд чанартай аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнийг хүргэж ажиллахад анхаарч ажилладаг.  Цус, цусан бүтээгдэхүүнийг тасралтгүй, хүртээмжтэй хангахад хүндэт доноруудын оролцоо маш чухал. Өнөөдрийн байдлаар тогтмол цусаа хандивладаг 35 мянган донор байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго” хэмээж байсан юм.



                Манай улсын цус сэлбэлт судлалын салбарт сүүлийн жилүүдэд 15 шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд маш олон шинэ технологи, эмчилгээ нэвтрэх боломжтой болсон байна. Ковид-19 цар тахлын үед цус сэлбүүлэх шаардлагатай олон өвчтөний амь насыг доноруудын хандивласан цус, цусан бүтээгдэхүүн аварсан билээ.



                Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин буурч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг бөгөөд өөрт ямар нэгэн зовиургүй бол сайн дураараа цусны донорын эгнээнд нэгдэж, нэг удаа цусаа өгч гурван хүнд амьдрал бэлэглээрэй хэмээн уриалж байв.



Мөн цусаа өгөхдөө
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
  • Хоногт 6 цагаас дээш хугацаагаар унтаж амрах
  • Согтууруулах ундааг сүүлийн 3 хоногийн дотор хэрэглээгүй байх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдгийг мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Мөн цусаа өгсний дараа
  • Гарын боолтыг 3-4 цагийн дараа авах
  • Удаан хугацаагаар зогсохгүй байх
  • 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх
  • 2 хоног шингэн зүйл их уух
  • Ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх
  • Төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх
  • 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх ёстойг ч анхааруулсан.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ