Зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 11 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна. Явган хүний болон дугуйн замын ажлыг 10 байршилд хийж дууссан бөгөөд долоон байршилд ажил үргэлжилж буй.

Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн авто замын засвар, арчлалт, гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ болон гэр хорооллуудын автобусны буудлуудын одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь явж шалгах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хотын хэмжээнд гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь байлгах чиглэлээр үүрэг өгөв. Нийслэлийн нийтийн тээвэрт 107 чиглэлд 996 автобус үйлчилгээнд явж, өдөрт давхардсан тоогоор 520 мянга орчим хүнд үйлчилдэг. Нийтийн тээврийн 1171 зогсоол байгаа юм.

Баянгол дүүрэг 47 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийнэ

Баянгол дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн танилцуулав. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, ОНХС-гийн хөрөнгөөр 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 11 байршилд сургууль, цэцэрлэг барих, ЭХЭМҮТ-д өргөтгөл болон их засвар хийхээр төлөвлөсөн байна.

2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 ам метр  зогсоол байгуулжээ. Энэ онд найман байршилд 500 автомашины зогсоол хийх бөгөөд гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн “Hermes”-ийн урд нүхэн гарц, “Алтай” хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ. Өнгөрсөн жил 56 байршлын 25 мянган ам метр талбайд явган замын ажил хийсэн бол энэ жил 38 байршилд явган хүний замын ажил хийнэ. Түүнчлэн өнгөрсөн онд 57 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийсэн бөгөөд энэ жил 47 байршилд хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 37 байршилд гэрэлтүүлэг хийж, 319 байршилд камер суурилуулж, гурван хороог бүрэн камержуулна. Өнгөрсөн жил 68 байршилд 1485 гарааш чөлөөлсөн бол энэ жил 33 байршилд 782 гарааш буулгахаас 246 гарааш буулгаж, тохижилтын ажлыг эхэлжээ.  

Дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ жижиг, нягтаршил ихтэй. Мөн тулгамдсан асуудал нь гэр хороололд авто зам дутмаг, бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх шаардлага зүй ёсоор тулгардаг. Түүнчлэн гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах, орон сууцны дахин төлөвлөлтөд төсөв шаардлагатай байгааг хэлж байлаа.

70 байршилд төлбөртэй зогсоол байгуулна

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа. Тэрбээр:

-Ажлын хэсэг байгуулагдан, 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-н материал ирүүлэх сүүлийн хугацаа. Мөн Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх  нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна.

Ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийсэн. Тодруулбал, Баянгол дүүрэгт таван байршилд 1744 ам метр, Баянзүрхэд гурван байршилд 5509 ам метр, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр, Сүхбаатарт зургаан байршилд 4785 ам метр, Хан-Уулд гурван байршилд 15,914 ам метр, Чингэлтэйд хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар  төлөвлөн ажиллаж  байна.

Хотыг дарга ажлаа шахаж, чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов.

16 зуслан үйл ажиллагаа явуулж байна

Хүүхдийн зуслангийн талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр  300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Элсэлтийн шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй, зам засварын ажил хийхгүй байхад анхаарна

Элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад зохион байгуулж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-нд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тодруулбал,

  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
  • Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
  • Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэлээ.

Хотын дарга хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.
  • Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулах.
  • Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ