Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар ирсэн БНТУ-ын “Emsey” эмнэлгийн профессорын баг ГССҮТ, УГТЭ, ЭХЭМҮТ-д ажиллаж байна.
Тэд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг нутагшуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд нуруу, нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлт болон хүүхдийн зүрхний мэс заслын багийг чадавхижуулах ажлын байрны сургалтыг явуулж, Монголын эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан конференц зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна өөр өөрийн чиглэлээр үзлэг, оношилгоо хийж, нэн шаардлагатай өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийлээ.
ГССҮТ-д дэд профессор, доктор Мехмед Аядоган “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд” сэдвээр, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ-д “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулсан.
Мөн ГССҮТ-д нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ-т 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийсэн. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс хоёрыг нь сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нурууны мурийлт засах мэс заслыг хийсэн бол УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгины артери өргөсгөх, баруун ховдлын гарах хэсгийг өөлөх, уушгины артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь манай улсад анхных болж буй билээ.