Бага хурлын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого боловсруулж, явц дундын үнэлгээг гаргах, ирээдүйн үйл ажиллагааг төлөвлөхөд оршино. Уг бага хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-Цэвэр агаарын төлөөх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,
-Үндэсний болон хотуудын түвшинд агаарын бохирдлыг бууруулах,
-Даян дэлхийн метан хийн амлалтыг хэрэгжүүлэх,
-Нүүрстөрөгч багатай, бохирдолгүй тойрог эдийн засагт шилжих,
-Агаарын чанарын менежментийг сайжруулах зэрэг болно.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахаар Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр Уур амьсгал ба цэвэр агаарын холбооны гишүүн улс орнуудаас дэмжлэг авах, хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.