ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 03 дугаар сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэхийг хянаж үзээд, давхар хянуулах шаардлагатай тусламж, үйлчилгээний мэдээллийг тухайн иргэдийн гар утсанд баталгаажуулах мэссэжийг илгээсэн.
Ингэхдээ тусламж, үйлчилгээ авсан 93.4 мянган иргэнд мэссэж илгээхэд 10.309 иргэн баталгаажуулах мэссэжийн хариуг ирүүлжээ. Үүний 1093 даатгуулагч авсан тусламж, үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй гэсэн хариу ирүүлсэн бол 3448 даатгуулагч хэвтэн эмчлүүлэх хугацаанд нэмэлтээр эм, тариа авахуулсан, 369 даатгуулагч тухайн тусламж, үйлчилгээг огт аваагүй гэсэн хариу ирүүлсэн бөгөөд үүний мөрөөр хийх хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.
ЭМДЕГ-аас даатгуулагч-иргэдтэй хамтарсан нэхэмжлэлийн хяналтыг сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэв таны гар утсанд баталгаажуулах мэссэж ирсэн тохиолдолд заавал бөглөн хариу илгээгээрэй. Ингэснээр ЭМД-аараа хэзээ, хаана, хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээллээ хянах боломжтой юм.