Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.
Хуурай мухарын аманд л гэхэд 605 хашаа, 630 барилга байгаа бөгөөд замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 431, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээнд чөлөөлөх шаардлагатай 25 нэгж талбар байна. Харин Бэлхийн аманд 1844 хашаа, 1241 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 988 нэгж талбар байгаа бол Жигжидийн аманд 1510 хашаа, 2288 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 951 нэгж талбар буй. Тэгвэл Шадивлангийн аманд 1988 хашаа, 630 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 767 нэгж талбар байгаа юм.
Зуслангийн бүсэд төлөвлөлт хийснээр газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, орц, гарц гаргах, сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Цаашид зуслангийн энэ дөрвөн аманд 39.5 км авто зам, 38 км явган зам, 19 км дугуйн зам, орц, гарц гаргах чиглэлд 170 км чулуун зам тавих боломжтой гэдгийг онцолж байлаа. Мөн төлөвлөлт хийснээр иргэдийн маргааныг шийдвэрлэхээс гадна ногоон байгууламжийг ч нэмэхээр тооцоолжээ. Бэлхэд 8.6 км, Хуурай мухард 5.7 км, Жигжидэд 4.7 км, Шадивланд 5.4 км явган зам тавих, мөн ууланд алхах маршрутыг ч төлөвлөсөн байна. Түүнчлэн дээрх дөрвөн амны хэмжээнд 2728 нэгж талбарыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг хэлж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дөрвөн амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү танилцуулав. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм. Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ байна. Харин тойрог замыг босоо чиглэлд холбох 17 км замыг дөрвөн эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн хойд тойрог замын зурвас газрын өргөнийг гурван хувилбараар сонгож, нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын тоо, газар чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олговрын төсөөллийн үнэлгээг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийн хүрээнд барьж байгуулах авто замын чиг, зурвас газрыг тодорхойлж, танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн зурвас газрын дагуу шинээр газар олгох, эдэлбэр газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилга барих, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг даалгалаа.
Хаягийн алдаатай мэдээллийг засварлана
Нэгж талбарын хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцуулав.
Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдаж, үүний дараагаар журам, стандарт батлагдсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 330 суманд хэрэглээнд нэвтэрчээ. Өмнө нь хаягийн нэгдсэн стандартгүй, олон байгууллага хаяг олгодог байсан бол өдгөө нэгдсэн стандарттай, нэг системээр олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд хаягийн системийг 2018 онд гүйцэтгэсэн боловч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь зарим мэдээлэлд алдаа гарсан болон 2018 оноос хойш шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна. Иймд судалгаа, тодруулалтын ажлыг гүйцэтгэх, зураглаагүй гудамжийг шинээр зураглах, шинээр зурагласан гудамжны эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцыг шалгах, засварлах, хаягийн мэдээллийн системд өгөгдөл, мэдээллийг засварлах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 457 мянган нэгж талбар байгаагаас хаягийн системд холбогдсон нь 219 мянга байгаа бол 50 гаруй хувь буюу 238 мянга нь холбогдоогүй байна.
Зөвлөлийн гишүүд хаягжуулалт нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал. Үүнээс болж хаяг олддоггүй, түргэн, тусламжийн машин явахад, цахимаар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Хаягжуулалтын мэдээллийн сан үүсгэх ажил удаан хугацаанд зогсонги байдалтай байна. Асуудал нийслэлд байгаа гэх ойлголт байдаг. Үнэндээ нийслэлд биш, анхнаасаа ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй. Иймээс энэ бүхний засах шаардлага үүссэн гэдгийг онцолж байлаа. Цаашид гудамж, замын мэдээллийг бүрэн бүтэн зурагласан эсэхийг тодорхойлж, дутуу зурагласан гудамж, замыг зураглах, алдаатай дугаарласан гудамжны нэрийг шалгах, засварлах, гудамжны эхлэл, төгсгөлийн цэгийг тодорхойлох шаардлагатайг хэлж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, 2018 оноос хойш Хаягийн мэдээллийн санд зураглаагүй гудамж, замыг зураглах, түүний эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцын мэдээллийг тулгаж, нэгж талбарт олгосон хаягийн иж бүрдэл үнэн, зөв эсэхийг шалгах, алдаатай мэдээллийг засварлахыг үүрэг болгов.
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсүүдийг мөн танилцуулав. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд судалгааг авч, нэгтгэсэн байна. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байгааг тогтоожээ. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байна.
Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татамд оршдог учраас хотын нутаг дэвсгэрийн зарим хэсэг нь тодорхой давтамжтайгаар байнга ул хөрсний усанд автдаг. Мөн ус зайлуулах инженерийн байгууламж хангалтгүйгээс шугам сүлжээ болон барилга, байгууламжид сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд ул хөрсний усны түвшин, урсац болон чанарт байнга хяналт, шинжилгээ хийх, цооног, хөрсний ус доошлуулах шүүлтүүрийн байгууламж байгуулах шаардлагатай байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, халиа тошин үүсдэг байршлуудад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Зөвлөлийн хуралд хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг үүрэг болголоо.
Хэсгийн ахлагчийн системийг ашиглахад бэлэн боллоо
Хэсгийн ахлагчийн систем болон иргэдэд зориулсан гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.
Нийслэлийн 204 хороонд 1872 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр төр, иргэний гүүр болон ажилладаг.
Тэгвэл иргэд шаардлагатай бүхий л мэдээлэл, үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал УБ” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчийн системийг нэвтрүүлэн, хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжууллаа. Ингэснээр төр, иргэн хоорондын харилцаа шинэ түвшинд гарч, зардал хэмнэн, төрийн бүтээмж нэмэгдсэнээр төрийн шат шатны байгууллагуудын хяналт, хариуцлагыг сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн тус аппликейшнийг ашиглан Монгол Улс болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой хэрэгжүүлэх, мөн УИХ-ын гишүүд болон НИТХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо санал асуулга явуулах, судалгаа авах бүрэн боломжтой болж байна.
Хэсгийн ахлагч системийг хэрэгжүүлэх хүрээнд ЗДТГ болон хороодын 359 албан хаагч, 1535 хэсгийн ахлагчдад танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулсан. Мөн Баянзүрх дүүрэгт худалдаа, үйлчилгээ ихтэй хороо, гэр болон орон сууцны холимог хороо, дан гэр хороолол бүхий хороог сонгон, системийн тестийг бүрэн хийж, хэрэглээнд нэвтрүүлж, ашиглахад бэлэн болсон байна.
Дээрх ажлын хүрээнд Хэсгийн ахлагчийн системээр зөрчлийг тухай бүр бүртгэлжүүлж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв рүү илгээж, хариуцах байгууллагуудад шилжүүлэн шийдвэрлэгдэж буй. Гуравдугаар сарын 15-ны байдлаар нийт 277 зөрчил бүртгэгдсэнээс шийдвэрлэсэн 149, шийдвэрлэх шатандаа явж байгаа 128 зөрчил байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө санал хэлсэн бөгөөд хэсгийн ахлагч нарт энэ аппликэйшн чухал шаардлагатай. Иймээс хэсгийн ахлагч нарт сургалт, зөвлөгөөнийг сайн зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус аппликэйшнийг нэгдүгээр улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг үүрэг өгөв.