УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛД АШИГЛАСАН КАРЬЕРУУДЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХИЙЛГЭХ ТУХАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
Б.БАТ-ЭРДЭНЭ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА
Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Сэлэнгэ аймгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан сумдын нутаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны газар нутагт хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэт хийлгэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд албан даалгавар гаргалаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замтай холбоотой өөрийн аймаг, дүүргийн нутагт харьяалах карьеруудыг бүрэн нөхөн сэргээж дуусгаж, хяналт тавих талаар дээрх аймаг, дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад хугацаатай үүрэг даалгавар өгөв.
Албан даалгаврын явцын биелэлтийг сар бүрийн 25-ны өдрийн дотор, нэгдсэн тайлан мэдээг 2023 оны 10-р сарын 15-ны дотор багтаан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт ирүүлэхийг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад үүрэг болголоо.