Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт сонгон шалгаруулалт явуулах тухай мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11-т заасан дагуу ЭМДҮЗ-өөс 2022 оны 02 тоот тогтоолоор баталсан журмын дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээ үзүүлэх чадамж, хүртээмжийг нь харгалзан  сонгон шалгаруулж, гэрээлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. 

ЭМДҮЗ-өөс 2022 оны 02 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэгдсэн сонгон шалгаруулалтыг 2022 онд 3 жилийн туршид тогтвортой үргэлжлэх гэрээний нөхцөлтэйгөөр зохион байгуулж, үр дүнд нь нийт 324 лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллага, 25 мянган ОХБ-ээр тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. 

Нэгдсэн сонгон шалгаруулалтыг 3 жилд нэг удаа зохион байгуулахаар заасан хэдий ч  журмын 4.3-т “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөлд нэмэлт орсон эсхүл тусламж, үйлчилгээний хүртээмж нь хангалтгүй тусламж, үйлчилгээний хувьд нэгдсэн сонгон шалгаруулалтын үр дүн, үйлчлэх хугацааг үл харгалзан нэмэлт сонгон шалгаруулалт зохион байгуулж болно” гэж заасны дагуу нэмэлт сонгон шалгаруулалтыг хүртээмж нь хангалтгүй  тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэ хүрээндээ аймаг, нийслэлийн хүн амын өвчлөлийн байдал, тухайн бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон ЭМБ-ын 2022 оны нэхэмжлэлийн мэдээлэл, хүлээгдлийн мэдээлэл, тухайн бүс нутгийн хүн амд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, гэрээ байгуулсан ЭМБ зэрэг холбогдох тоо баримт,  мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн болно.

Нэмэлт сонгон шалгаруулалт цахимаар, журманд заасан үе шатаар явагдах ба “Сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн цахим систем” (selection.1818.mn)–ээс нэгдсэн сонгон шалгаруулалтад хамрагдаж байсан эрүүл мэндийн байгууллагын 1 дүгээр үе шатны  “Ерөнхий шаардлага”-ыг хангасан мэдээллийг татан авч ашиглах ба хэрэв ерөнхий шаардлагын мэдээлэлд өөрчлөлт орсон бол дахин илгээнэ. 

Харин шинээр сонгон шалгаруулалтад оролцож буй эрүүл мэндийн байгууллагууд   1 дүгээр үе шатны “Ерөнхий шаардлага”-д тавигдаж буй 7 шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

Мөн нэгдсэн сонгон шалгаруулалтад хамрагдаж байсан эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлдөө тусламж үйлчилгээний чиглэл нэмүүлсэн байж болох ч нэмэлт сонгон шалгаруулалтын хүрээнд тусгайлан зарлаж буй ОХБ-ийн хүрээнд л оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтын 2 дугаар шат нь тухайн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэхэд шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зөвшөөрөл, түүнд холбогдох баримт бичиг, тоног төхөөрөмж, барилга байгууламжид тавигдах  шаардлага нь Монгол Улсад мөрдөж буй дүрэм, журам, стандарт, удирдамжийн нөхцөл, шаардлагыг хангасан байвал зохино.

Энэ удаагийн нэмэлт сонгон шалгаруулалтаар 2022 онд зохион байгуулагдсан нэгдсэн сонгон шалгаруулалтын үед эрүүл мэндийн байгууллагаас  гаргаж байсан нийтлэг алдааг давтагдахаас сэргийлж  дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Тухайн бүс нутагт, тусламж, үйлчилгээ бүрд тавигдах тусгай шаардлагуудыг сайтар судалж ОХБ-ээ сонгож оролцох, ингэхдээ өөрийн байгууллагынхаа тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны чиглэл, үндсэн болон төрөлжсөн мэргэжилд тохирч буй эсэхэд анхаарах. Үүнд:

 1.1. Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний ОХБ-үүдийн онош, үйлдлийн кодууд нь ялгаатай, илүү их зардалтай байдаг учир шалгуур нь өндөр байдаг.

 1.2.  Тухайн тусламж, үйлчилгээг үзүүлдэг технологиос хамаараад ОХБ-ийн нэр ижил боловч үйлдлийн кодууд нь эрс ялгаатай байдаг гэх мэт ялгааг анхаарах.

  1. ЭМБ-д зайлшгүй шаардах хүний нөөц, тоног төхөөрөмжийг тусгай шалгуурын “зайлшгүй шаардлага” хэсэгт, бусад эрүүл мэндийн байгууллагатай гэрээлж хэрэгжүүлэх боломжтой бол “нэмэлт шаардлага” хэсэгт ангилах.
  2. Хүний нөөцийн хувьд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн диплом, лицензийн хүчинтэй хугацаа, тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн хувьд нарийн мэргэшил шаардах зэрэг нөхцөлүүдийг сайтар судалж, бэлтгэх шаардлагатай.

3.1. Хөдөлмөрийн тухай хуульд 42.2.4.ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх;” гэж ажилтны үүрэг хэсэгт заасны дагуу ажил олгогч тусгайлан зөвшөөрөөгүй тохиолдолд өрсөлдөгч байгууллагад ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог тул ижил тусламж, үйлчилгээг үзүүлэх хүний нөөц нь 2 байгууллагад үндсэн ажилтнаар бүртгэх боломжгүй.

           Дээрх бүх мэдээллийг ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалт гэрээлэлтийн цахим системд тавигдаж буй шаардлагын дагуу, цаг хугацаанд нь иж бүрэн, засварлахгүй, давхцуулахгүйгээр илгээх нөхцөлөө бүрдүүлж,  ажиллахыг  зөвлөж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ