ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАР СТАНДАРТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
“Монголд зочлох жил -2023-2025” ажлын хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудлын үйлчилгээний соёл, ариун цэвэр, “Welcome to Mongolia” брэндинг, сурталчилгаа байрлуулсан эсэх, жуулчдын хот руу зорчих автобус, таксины хүртээмж, үнэ, зочдын орох гарах болон ачаа хүлээн авах хэсэгтэй танилцан хугацаатай үүрэг өгч, цаашид хамтран ажиллахыг хүслээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ "МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН" БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид
• 21 аймгийн Засаг дарга нар
• Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нар
• Сав газрын захиргаадын дарга нарт хугацаатай албан даалгавар өгөв. Хэрэгжилтийг сар бүрийн 25-ны дотор, нэгдсэн биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны дотор дүгнэхээр тогтож, орон даяар цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЛДЭГ ШИЙДЭЛ ОЛОХ “АГААР НЭГ” ХАКАТОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАВ
Энгийн байшинтай харьцуулахад 2 дахин бага агаар бохирдуулах, эрчим хүчний хэмнэлттэй сууцны барилга болох “Хэмнэлттэй модуль сууц” төсөл “Агаар нэг” Хакатоны шилдэг шийдэл болсон бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг халаалтын төхөөрөмж, системтэй гэдгээрээ онцлогтой юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР БОЛОН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” 2023-2025 арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайдын “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ - ЦЭВЭР ОРЧИН” бүрдүүлэх албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд бүх нийтийг хамарсан нөлөөллийн аян зохион байгуулах, аж ахуйн нэгж, албан байгууллагууд орчныхоо талбайг цэвэрлэх, нийтийн тээврийн автобус чиглэлийн мэдээллийг англиар зарлах, “Welcome to Mongolia” сурталчилгааг байршуулах зэрэг ажлыг нэн тэргүүд хэрэгжүүлэхийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов.
ЦЭВЭР АГААР – ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулав. Уулзалтад 53 орны 200 гаруй төлөөлөл агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэн, сайн туршлага хуваалцаж, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцлоо.
НҮБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН /UNESCAP/ ЦЭВЭР АГААР ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ШУУД ДАМЖУУЛАВ
Агаарын чанарын менежментийг сайжруулах нь, Агаарын чанарын мониторинг, Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа, Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл гэсэн үндсэн 5 сэдвийн хүрээнд болж, Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцууллаа.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НҮБ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРМИДА САЛЬСИЯ АЛИШАБАНАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын эрчим хүчний салбарыг хатуу түлшний хэрэглээнээс ангид байлгах, Засгийн Газар Монгол Улсад асар их нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2015-2030 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д тунхагласны дагуу нийт суурилагдсан хүчин чадлыг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэхээр ажиллаж байгааг Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ онцлов.
2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД 40 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од салбарын асуудлаар тодруулга ярилцлага өгөв.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО
Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Үндэсний хорооны дэд дарга, Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын Сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Золбоо, Цахим хөгжлийн Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч З.Төмөртөмөө, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Монголын Ресторан Зоогийн газрын холбоо, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хэд хэдэн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.
НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ АСУУДАЛД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин Сайд Цай Вэньрүйтэй уулзаж жуулчны тоог нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хоёр Улсын хотууд хоорондоо нислэг үйлддэг байх асуудалд хамтарч ажиллахыг хүслээ.
ДЭЛХИЙН АМЬТАН, УРГАМАЛ ХАМГААЛАХ ӨДӨР
3 ДУГААР САРЫН 3
Байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь хуралдаанаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалсан.
Монгол Улс “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр”-ийг 10 дахь жилдээ тэмдэглэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон уламжлалтай бөгөөд энэ жил “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах түншлэл” уриатай дор тэмдэглэв.
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН УЛСЫН БАЙЦААГЧ, ТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН АЖИЛТНУУДЫГ 4 УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦСААР ХАНГАНА
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хүрээнд байгаль орчны албан хаагчдад 4 улирлын дүрэмт хувцас олгох ажлын хүрээнд эхний ээлжийн хувцас хэрэглэлийг хүлээн авлаа. 2023 оны 6 дугаар сард багтаан нийт 919 байгаль хамгаалагчийн 11995 ширхэг иж бүрэн хувцас хэрэглэлийг бүрэн нийлүүлж дуусгахаар Олон Улсын төслийн байгууллагаас ажиллаж байна.
“ХӨХ СУВД-2023” МӨСНИЙ БАЯР БОЛЛОО
23 дахь жилдээ болж буй тус үйл ажиллагааны үеэр Хөвсгөл нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилгоор автомашин байрлуулахгүй байх, зөөврийн ариун цэврийн байгууламж нуурын эрэгт олноор ажиллуулах зохион байгуулалтыг хийв. Баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, сурын харваа, мөсөн урлалын үзэсгэлэн, "Хөх цом" яруу найргийн наадам, "Өвлийн гоёл" үндэсний хувцасны загварын үзүүлбэр, тахтай хатирч морьдын уралдаан, олон угсаатны соёлын үзүүлбэрүүд, бөөгийн тахилга зэрэг олон сонирхолтой хөтөлбөр үзэгч, сонирхогчдын хүртээл болдог.
БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙ НУУРТ АЖИЛЛАВ
2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 43 нүхэн жорлон буулгаж, 16-г нь ариутгал хийн булж, нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хогийг цэвэрлэсэн. Үргэлжлүүлэн буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах, ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг ирэх сард барьж дуусгах, нуурыг бохирдуулагч, хаягдсан торнуудыг бүрэн татан гаргаж, цэвэрлэх, Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах зэрэг ажлыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
Онги таац голын сав газрын захиргаа 3-н нүхэн жорлон буулгаж, 80 тонн хог цэвэрлэсэн ба уг үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх, Байгаль орчны салбарын хяналт ирж байгаатай холбогдуулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирэх долоо хоногт БОАЖЯ-ны Байгаль орчны салбарын хяналтын газрыг Өвөрхангай аймагт ажиллуулах, 2023 онд Өвөрхангай аймагт зохион байгуулах Сарлагийн баяр, ICE festival, Эсгийн баяр, Торгоны зам, Тэмээний баяр зэрэг жуулчдад зориулсан арга хэмжээг байгаль орчныг бохирдуулахгүй, жуулчдад ойлгомжтой байлгах зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ ЦУОШТ-ийн албан хэрэгцээнд зориулж автомашин хүлээлгэн өгч, албан хаагчдын ажиллах нөхцөл, үйл ажиллагаанд анхаарч ажиллахаа онцлов.
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ АНУ-Д ТУРШЛАГА СУДЛУУЛАХ, ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ, СУРГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хуралд хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн департаментын Байгаль орчны албаны дэд дарга ноён Роберт Винг болон Хүрээлэн буй орчны бүсийн захирал Томас Шмит нартай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзав.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын 7-н тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа АНУ-ын Үндэсний парктай эгч дүүсийн харилцаатайгаар хамтран ажиллаж байна. Цаашид Монгол Улс нь 2030 он гэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Орон нутаг
МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 орчим албан хаагч хамтран Ховд голын эрэг дагуух болон Өлгий сумын ойр орчмын хуурай хог хаягдлыг цэвэрлэж, 12 тонн хог хаягдлыг сумын Хот тохижуулах албаны хогийн автомашинаар тээвэрлүүлэв.
ДАРЬГАНГЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд 4 удаагийн цэвэрлэгээ зохион байгуулав. Энэ жилийн сар шинийн өдрүүдэд Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуурын орчимд нийт 2000 гаруй машин, 8000 гаруй хүн иржээ.
ТУЖИЙН НАРСНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа таримал нарсан ойг ажиглах цамхаг орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө боловсруулан сав газарт хамрагдах сумд болон Булган аймгийн БОАЖГ, Булган сумын ЗДТГ-т хамтран ажиллах албан бичиг, БОАЖС-ын албан даалгавар, сав газрын хийх ажлын төлөвлөгөөг хүргүүлэв.
УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2023 оны 2-р сарын 28-наас 3-р сарын 01-ний өдрүүдэд Тэс суманд ажиллав. Жирээг, Их гол, Хар ус, Нарийн, Хошт зэрэг голуудын эрэг дагуу бургас, улиас модны саваа мөчрийг стандартын дагуу бэлтгэлээ.Тэс сумын “Шар үзүүр”-ийн застав орчимд ОХУ-аас үр хийсэж ирж цэнхэр гацуур ургасан байна..
УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хүдрийг далд аргаар олборлон гянтболдыг гравитацын аргаар баяжуулах Миндуотайди ХХК-ийн олборлолтын явцад шүүрэн гарч буй усны шавхан зайлуулалт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо” ХК-ны шүүрлийн худгуудад хяналт шалгалт хийж ажиллав. Дээрх шалгалтын хүрээнд нийт 52 цооногоос 4 хуурай цооног, уулын ахилтад орсон 1 цооног, актлагдсан 1 цооног, ашиглалтад 46 цооног байна. Хяналт шалгалтын дагуу зөвлөмж өглөө.
ХЯРГАС НУУР ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багийн Өндөр толгой хэсэгт Богдын голын усны халиа далан давж тухайн хэсгийн айл, өрх рүү халианы ус орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд тус гомдлын дагуу сав газрын захиргааны мэргэжилтнүүд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, хэмжилт хийн халиа тархалтын хэмжээг тодорхойлж холбогдох газруудад хүргүүллээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Хүдэр суманд хуш модны самар бэлтгэл, мод бэлтгэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлыг гүйцэтгэв. Аж ахуй нэгж нь гэрээний дагуу Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын хүрээнд хуш модны самар түүж бэлтгэхдээ, ажилтантай гэрээ байгуулаагүй, Ойн дагалт баялаг самар түүж бэлтгэсэн талбайг ойн ангид актаар хүлээлгэн өгөөгүй зэрэг зөрчлүүд илрүүлэн шалгаж байна.
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
“Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ИЙН 2022 оны гэрээг дүгнэв. 2022 онд төлөвлөгөөгөөр төвийн эх үүсвэрээс 2278570м3 ус ашиглахаас гүйцэтгэлээр 2116343.4м3, Бүрэнбүстийн эх үүсвэрээс 112000м3 ус ашиглахаас 105788м3, Дэнжийн эх үүсвэрээс 122000м3 ус ашиглахаас 109136.7м3, Жаргалантын эс үүсвэрээс 30100м3 ус ашиглахаас гүйцэтгэл нь 18472.8м3 ашигласан. Төлбөр тооцоог цаг тухайд нь төлж барагдуулсан.
МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 3 дугаар сарын 02-нд Ховд аймгийн онцгой байдлын газар, Цэцэг сумын онцгой комисстой хамтран цогцолборт газрын хязгаарлалтын бүс Халиуны хаваржаа руу нүүдэллэж буй айл өрхүүдийн нүүдлийн зам болох Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Богосын даваа, Хужирт, Ангиртын гол, зэрэг газруудаар нүүдлийн зам гаргах үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Тус нүүдлийн зам нь хэв газраа 20-30 см, гуу жалгадаа 60-100 см цастай, шуурч хунгарласан байсан.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
1. JCI ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН “НОГООН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ. Энэ хүрээнд “Ногоон ирээдүй” сэдэвт сургалтыг үе шаттай зохион байгуулах, тус аймагт 1000 ширхэг мод тарихад хамтран ажиллах зорилгоор аймгийн Засаг дарга А.Ишдоржтой санамж бичигт байгуулж Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 600 орчим ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцсон чуулган зохион байгуулав.
2. БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Аргалын уул хэмээх газарт биотехникийн арга хэмжээ авч ажиллав.
ХЭРЛЭН ГОЛ САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
БОАЖ-ын сайдын 2022 оны А/518 дугаар тушаалаар байгуулагдсан "Хэрлэн голыг хамгаалах" Дорнод аймгийн ажлын хэсгийн батлагдсан төлөвлөгөөний дагуу Хэрлэн гол дагасан Булган, Баянтүмэн, Хэрлэн, Чойбалсан, Хөлөнбуйр сумдад чиглэл өгч онцгой, энгийн бүс болон голын татамд байгаа малын сэг зэмийн цэвэрлэгээг энэ сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.
УВС НУУР ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дэлхийн усны өдөр 03-р сарын 01-нийг тохиолдуулан Увс нуур, Тэсийн голын мэргэжилтэн М.Ариунцэцэг Улаангом сумын ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад Монгол орны усны нөөц түүний зүй зохистой хэрэглээний талаарх богино хэмжээний дүрс бичлэг үзүүлж, “Усны үнэ цэнэ”, “Усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах”, “Усыг хэрхэн хэмнэх арга” замын талаар мэдээлэл хүргэлээ.
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хяналт шалгалтын ажлын хүрээнд дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хөндлөн, шал хар, Товх хүрэн, Хоолойн толгой, Шовгор харын чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлэв. Энэ удаагийн ажиглалтаар ДЦГ-ын Хонь усны баянбүрдэд 11 үржлийн сүрэг, 4 азарга, үрээний сүрэг буюу 158 хээрийн зэрлэг тахийг, Тахь усны баян бүрдэд 6 үржлийн сүрэг, 1 азарган үрээний сүрэг болох 86 тахь нийт 244 тоо толгой тахь, 400 гаруй хулан, хар сүүлт зээрийг тоолж бүртгэв. Зэрлэг амьтад болох Хулан, Тахь, Хар сүүлт зээрийн байршил нутгуудад нийт 17 цэгт 168 боодол өвс тавьж өгч биотехникийн арга хэмжээ авч ажиллав.
ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Дорнод хамгаалалтын захиргаа нэгдэж 2023 ондоо 100000 мод тарих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд албан хаагчид хаврын Мод тарих аяныг угтаж, 5400 улиас, 4500 бургасны мөчир тарьц бэлтгэж ажиллалаа.
ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Орчны бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдыг байгаль хамгааллын ажилд оролцуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар мэдлэг олгож, байгаль орчныг судлах арга зүйд сургаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн МХГ-тай хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ зарлалаа.
ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Тугал нуур, Чигэртэйн нуур зэрэг газруудад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй болно.
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
1. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн газрын тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран улиасны мөчир 12000, бургасны мөчир 1000 ширхгийг бэлтгэж тарилтад хадгалав.
2. Солонгос улсын MBC телевизийн “Байгаль орчин хариуцсан мэдээний баг” Дундговь аймагт сурвалжилга хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт орон нутагт хэрхэн нөлөөлж байгаа тухай сэдвээр санал солилцож, уг сэдвээр Солонгосын MBC телевизэд ярилцлага өгөв.
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд 23, 34, 35 дугаар хорооны зохион байгуулагч, хог хаягдал, олон нийтийн байцаагч нартай уулзан Улиастай голын дагууд байгаа эзэнгүй хог хаягдлыг газар дээр нь очиж нөхцөл байдлыг танилцуулан, хур хогийг цэвэрлэх талаар санал солилцож зөвлөмж өгсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 10-ны дотор Улиастай голын дагуу эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэхээр боллоо.
ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Онги голын мөсөн дээр хаягдсан машины дугуйг цэвэрлэлээ. Нийт 30 гаруй машины дугуйг түүж, хогийн нэгдсэн цэгт хүргэн ажиллав. Мөн гол дагуу амарч, зугаалж буй иргэдэд хүүхдүүдээ тоглуулах зорилгоор хэрэглэсэн машины дугуйг гол дээр хаяснаар гол хайлах үед ус нь хорт бодисоор бохирдох эрсдэл үүсэж буйг анхааруулж, усыг хамгаалах, зохистой ашиглах тухай мэдээллийг хүргэв.
ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ЗАХИРГАА
Сар шинийн баярын өдрүүдэд Бурхан Халдун хайрхны чиглэлд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн нэвтэрсэн. Тус хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчид аялагч, зорчигчдод хамгаалалтын горим дэглэмийг танилцуулж, Хайрханы дээд, дунд, доод овоо болон зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэн 6 шуудай хог хаягдлыг зөөвөрлөн буулгав.
ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Бат-Өлзий сум хариуцсан байгаль хамгаалагч нар нутгийн иргэдтэй хамтарч Их мойлт, Хөнөг, Хонгорын бургас, Байцын нуруу гэх газруудад 3 цэгт 200 кг хужир, 40 боодол өвс тарааж биотехникийн арга хэмжээ авлаа.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран “Аялал жуулчлалын салбарт зочлох үйлчилгээний байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 2023 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах чиглэл, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталлаа.
АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Булган хайрхны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, мөргөлчдийн бохирдуулсан түүх соёлын өв, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Шүтээн хайрхнаа зорин ирж буй иргэд орчны бохирдол үүсгэхгүй, цэвэр соёлтой шүтэж, өргөлөөс гарсан хог хаягдлаа авч явж хэвшихийг уриаллаа.
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Орхон чулуут голын сав газрын захиргааны ажилтан албан хаагчид оролцов.