Цэвэр агаар - дээд түвшний чуулга уулзалт ирэх сарын 2,3-нд Улаанбаатар хотод болох бөгөөд хуралд 53 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулах аж.
Чуулга уулзалтын зочид төлөөлөгчдөд Улаанбаатарын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл олгох танилцах аялал ч зохион байгуулах юм.
Танилцах аяллаар оролцогчдод барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй байдал, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, тулгарч буй сорилтуудыг танилцуулна гэж БОАЖЯ-наас мэдээлэв.