УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй.
УИХ-ын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа хэрэгжих энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой юм.