ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Африкийн орнуудаар айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Африкийн орнуудаар хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Лхагва гарагт С.Лавров Мавритан улсад айлчилсан бөгөөд энэ нь 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших ОХУ-ын Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болжээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мухаммед ульд аль-Шейх аль-Газуанид бараалхснаас гадна, Гадаад хэргийн сайд Мохаммед Салем ульд Мерзугтай уулзаж, Хойд Африк болон Ойрхи Дорнодын байдлын талаар хэлэлцсэн байна. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд хоёрдугаар сарын 7 буюу мягмар гарагт Малид мөн анх удаа айлчилсан байна. Бамакод тэрбээр Мали улсын түр Ерөнхийлөгч Ассими Гоит, Гадаад хэргийн сайд Абдулаие Диоп нартай хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх, аюулгүй байдал, терроризмын асуудлууд, мөн энэ оны долоодугаар сард Санкт-Петербург хотноо болох ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ.

Харин өнөөдөр С.Лавров Суданы нийслэл Хартум хотноо хүрэлцэн очжээ. Тэрбээр Суданы Гадаад хэргийн сайд Али ас-Садык Али, Суданы шилжилтийн үеийн Тусгаар тогтнолын зөвлөлийн орлогч дарга Мухамед Хамдан Дагало болон Тусгаар тогтнолын зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан нартай уулзана.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, талууд Орос-Суданы олон талт хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн байдал, тэр дундаа Ойрхи Дорнод, Африк тивийн хямралыг улс төр-дипломат аргаар зохицуулах шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Үүнээс гадна, ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: Montsame.mn

Африкийн орнуудаар айлчлахын өмнө С.Лавров хоёрдугаар сарын 5-6-нд Ирак улсад ажлын айлчлал хийсэн байна.

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ