Тавантолгой түлшийнхэн айл өрхүүдэд илч, энерги бэлэглэлээ
Айл өрхийн орлого нэмэгдээгүй ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, төгрөгийн ханш суларч, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Ялангуяа, иргэдийн амьдрал гэр хороололд илүү хүндэрсээр. Байгаа хэдэн төгрөгөөрөө хоолоо аргалаад хүйтэн гэрт даарч хонох уу, түлшээ авч дулаацаад хоосон хонох уу гэдэг сонголттой нүүр тулдаг олон мянган айл өрх бий. Аль алийг нь ч аргалах мөнгөгүй хоног төөрүүлэх тохиолдол ч цөөнгүй.
 
Тэр бүхнийг нүдээр үзэж, хүмүүсийн асуудал, бэрхшээлийг ойлгож, мэдэрч байдаг хүмүүс бол “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон. Учир нь тэд Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айл өрхөд хүрч ажилладаг. Гэр хорооллын бүх айл мэдээж ядуу зүдүү биш. Гэхдээ өрөвдөж хайрлахаас эхлээд сэтгэл шимширч нүд халтирмаар дүр зураг, нөхцөл байдалтай тэд бишгүй таарна. Тийм айлуудад тэр дор нь туслаад, хоол хүнс, түлш түлээгээр дэмнээд байх боломжгүй. Ажлаа хийж яваа хүмүүс шүү дээ. Харин олон хүний сайн санаа, сайхан сэтгэл нийлбэл хахир хүйтэн энэ үед цөөнгүй айлд инээмсэглэл, илч дулаан бэлэглэж чадна гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн боджээ. Чадах зүйлээрээ хүн хүндээ туслъя гэсэн санаа.
 
Ингээд тус төвийн хамт олон амьдралын баталгаажих төвшинөөс доогуур орлоготой айл өрхүүдэд туслах сайн үйлсийн аяныг өөрсдийн хэмжээнд эхлүүлжээ. Энэ санаачилгыг нь “Тавантолгой түлш” ХХК-ийн хамт олон дэмжиж “Хамтдаа хайр бэлэглэе” аяныг компанийн хэмжээнд өрнүүлсэн байна. Ажилтнууд 10 мянган төгрөгийн хандивын аянд сайн дураар нэгдэв. Арав арван мянга нийлээд далайд дуслын үлгэрээр хүн хүндээ сэтгэлийн дэм өгөхөд чамлахааргүй болжээ.
Хандивын мөнгөөр хүнс, түлээ түлш худалдаж аваад айлуудын амьдралд дэм болгон бэлэглэв. Нэг айлд 20 шуудай сайжруулсан шахмал түлш, 10 шуудай мод, дээр нь нэмээд хүнсний дэмжлэг үзүүлж байгаа юм.
 
Тавантолгой түлш компанийн хамт олны дэмжлэг Баянзүрх дүүргийн 7, Сонгинохайрхан дүүргийн 6, Чингилтэй дүүргийн 3, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Налайх дүүргийн тус бүр 2, нийт 24 айлд хүрсэн бөгөөд нэг айлд 150,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр тусалжээ.
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Гэхдээ хүн хүнээ гэх сэтгэлийн илчээр идэр есийн хүйтнийг хамтдаа давдаг дулаахан хот билээ.
Гадаа хүйтэн ч гэрт дулаан өдрүүд олон байг. Айл бүр инээд хөөр аз жаргалаар бялхаж байг ээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ