БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЕГИПЕТ УЛСЫН ШАРМ ЭЛЬ ШЕЙХ ХОТОД БОЛЖ БУЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 27 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА.
САЙД НАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
2030 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫН ХҮРЭЭНД ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХОД АМЛАСАН АМЛАЛТУУДДАА БҮРЭН ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА.
Монгол Улсын хувьд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН - NDC)-ийг хэрэгжүүлэхэд учирч байгаа болон учирч болзошгүй саад бэрхшээлийн талаар өөрийн орны жишээн дээр тулгуурлан асуудлыг хөндлөө.
Одоогийн байдлаар улс орны түвшинд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх, уг зорилтоо цаашид улам ахиулахад хүчин чармайлт гарган ажиллаж байгаа хэдий ч зорилтыг хэрэгжүүлэхэд дараах нийтлэг бэрхшээл тулгарч байна.
Үүнд:
Санхүүжилтийн асуудал. Одоогоор энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 11.5 тэрбум ам доллар шаардлагатай ба энэхүү хөрөнгийн 10 орчим хувийг Конвенцын санхүүжилтийн механизмууд болон улс, орон нутгийн төсвийн эх үүсвэрт тулгуурлан босгох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ эдийн засгаа хөгжүүлэх, экосистемээ хамгаалах хүрээнд тулгарч буй зөрчил, бэрхшээлийг шийдвэрлэхэд санхүүжилтийн хүндрэл учирч байна. Үүнээс уялдаатайгаар тавьсан зорилт биелэх боломж буурах эрсдэлтэй байна. Түүнчлэн, ҮТХН-ийн зорилтыг цаашид ахиулахын тулд болзолт нөхцөлөөр (Conditional) гаднаас нэмэлт хөрөнгө санхүүжилт татах, техник технологийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Техник, технологийн асуудал. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тал дээр өөрийн орны уламжлалт ахуйн онцлог, түүнд нийцсэн технологи ашигласнаар шаардагдах зардлыг зарим хэмжээгээр бууруулах боломж байгаа хэдий ч шилжилтийн чанартай өөрчлөлт хийхийн тулд нэмэлт хөрөнгө санхүүжилтээс гадна орчин үеийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ байна. Түүнчлэн энэхүү арга технологийг эзэмших чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийн асуудал ч тулгарч байна.
Олон улсын нөхцөл байдал. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудал нь улс үндэстний дотоод нөөц бололцоо, нөхцөл байдлын асуудал мөн боловч Монгол Улс шиг далайд гарцгүй орнуудын хувьд олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал цар тахал, бүс нутгийн зөрчил маргаан зэрэг нь үндэсний хэмжээнд төлөвлөсөн арга хэмжээг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулах хандлагатай байна.