Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн утааны асуудал сөхөгдөж эхэлдэг. Улсаас утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй олон жилийн нүүрийг үзсэн ч сайжруулсан шахмал түлшийг бүтээж чамгүй амжилт хүртсэн. Гэвч өнөө утаа огт арилаагүй нь өнгөрсөн өвлийн жишээнээс тодхон харагдана.
Түүнээс гадна гэр хорооллын нэг өрх долоо хоногийн түлшний хэрэглээндээ зургаан шуудай нүүрсийг арай хийн хүргэдэг. Өвлийн эд тачигнасан үед хүрэлцэх эсэх нь ч эргэлзээтэй. Жил бүр л утааны асуудал яригдаж эхэлдэг тул албаны хүмүүс утааг бууруулах хийгээд түлшний хэрэглээг багасгаж, удаан хугацаанд дулаанаа алдахгүй байлгах тал дээр онцгойлон анхаарч ажилладаг.
Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэл хотод 91,249 өрх монгол гэрт амьдардаг гэсэн судалгаа бий. Монгол гэр нь жилийн дөрвөн улирлын аль ч нөхцөлд амьдрахад зохимжтой хэдий ч хүйтний улиралд дулаанаа амархан алддаг. Тийм ч учраас зургаан шуудай сайжруулсан шахмал түлш долоо хоногийн хэрэглээнд хүрэлцдэггүй хэмээн ярьцгаадаг. Тэгвэл монгол инженерүүд агаарын бохирдлыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгаж, эдийн засагт хэмнэлт бий болгоход зориулан “Түлш хэмнэгч бортого”-ыг зохион бүтээсэн ба нийслэлийн 16 мянган өрхөд үнэ төлбөргүй суурилуулжээ. Иймд бид уг “бортого”-ыг хэрэглэж буй айл өрхөд хэр хэмнэлт гарч байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо
Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 25-393 тоот айлд очиж түлш хэмнэгч бортогыг ашиглахад ямар давуу талтай байгаа талаар мэдээлэл авлаа.
Гэрийн эзэгтэй С.Жаргалмаа,
Түлш хэмнэгч бортого ашигласнаар долоо хоногт 1-2 шуудай шахмал түлш хэрэглэж байна
“Түлш хэмнэгч бортого тавиад 15 хонож байна. Анх бортгыг ашиглахад хүндрэлтэй санагдаж байсан. Гэхдээ зааврын дагуу галлаад ашиглаж сурсан. Орой 22:00 цагийн үед гал түллээ гэхэд маргааг оройн 16:00 цаг хүртэл гал түлэх шаардлага гардаггүй. Ойролцоогоор 17 цагийн хугацаанд дулаанаа барьдаг гэсэн үг. Тийм ч учраас түлш маш сайн хэмнэж байгаа. Нэг асахаараа цогшоод, дулаанаа хадгалдаг юм билээ.
Манайх өмнө нь долоо хоногт 5-6 шуудай түлш хэрэглэдэг байсан бол бортого суурилуулснаас хойш 1-2 шуудай шахмал түлшийг тухайн долоо хоногт хэрэглэж байгаа. Олон цагаар дулаанаа бариад эхлэхээр ойр ойрхон гал түлэх шаардлагагүй болж байгаа юм. Энэ нь түлш хэмнэх цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй. Өөрсдөө зөв галлаад байж чадвал ямар ч аюулгүй. Утаа гадагшлахгүй учир угаартах эрсдэл ч бага.
Галлахдаа бортогоо зуухандаа байрлуулаад 4-5 кг түлш хийж тэгшилж дүүргээд, бортгоны урд амны зайд 1-2 кг түлш хийгээд асаахад 17 цаг дулаанаа барина. Галлагааны дундуур боргон доторх нүүрсээ сэтгээд халаах зориулалттай юм билээ” гэв.
Харин түлш хэмнэгч бортогын талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал,
Бортогыг энгийн монгол зуухтай айл хэрэглэхэд тохиромжтой
“Таван толгой түлш ХХК энэ жилээс эхлээд утаа их хуримтлагддаг байршилд амьдардаг айл өрхүүдийн зууханд бортогыг үнэ төлбөргүйгээр суурилуулж өгч байгаа. Энгийн монгол зуухтай айл өрх хэрэглэхэд тохиромжтой. Төслийн зуухтай айлууд болон пийшингээр халдаг байшинтай айлуудад тохиромжгүй.
Утааг дахин шатаах процесс явагдаж байгаа учир утаа гаралт багасч байгаа. Түүнээс гадна түлш хэмнэх давуу талтай мөн угаарын хий ч багасна. Одоогоор утаа хамгийн их хуримтлагддаг Нэгдүгээр хорооллын арын дэнж, Баянхошуу, Толгойт, Нисэхийн дэнж, Сонсголон, Яармаг, ЧД-ийн 13, 14, 17, 18-р хорооны хэсэг, Зурагтын зүүн, баруун тал, БЗД-ийн Амгалан гэх мэт байрлуудын 30 мянган айлд бортого суурилуулахаар төлөвлөсөн. Одоогоор 16 мянган өрхөд суурилуулсан байна.
Анх удаа хэрэглээнд гарч байгаа учир хяналтын ажилтнууд маань маш сайн заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Одоо бол агаарын температур харьцангуй дулаан байна. Яг одоогийн нөхцөлд 1 шуудай түлшээр 3 хоног галлаж байна гэсэн үг” гэлээ.
Өвлийн эд хүйтэн үед сайжруулсан шахмал түлш хэрэглэхгүй гарт олдсон зүйлээ түлдэг айлууд цөөнгүй бий. Хар хаймраас эхлээд хуванцар сав хүртэл шатаадаг нь эргээд агаарын бохирдол утааг бий болгодог. Харин түлш хэмнэгч бортогыг ашигласнаар утаа бага ч болов багасах боломжтой аж.
Дээр дурдсанчлан түлш хэмнэгч бортого нь монгол инженерүүдийн урт хугацааны туршилт судалгаанд үндэслэсэн бөгөөд цлиндр хэлбэртэй аж. Их бие, таг, түлшний суурь, гал ноцоох ам гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг аж.
Бид уг бортгыг зохион бүтээсэн “Таван толгой түлш” ХХК-ийн инженер З.Золжаргал,
Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна
“Бортогыг ашигласнаар цогон дээр нүүрсээ хийсэн ч цогноосоо эхэлж асдаг гэсэн үг. Манай компаниас ашиглах заавар зөвлөмжийг сайтар өгч байгаа. Тиймээс бортого ашиглаж байгаа айл өрхүүд маань заавар зөвлөмжиын дагуу зөв галлагаа хийх шаардлагатай. Ажиллагаа их биш, учрыг нь олвол маш энгийн. Зуухны урд асч байгаа галаа сайн асаана. Бортгоны урт талыг зуухны ам руу харуулж тавьснаар бортгон доторх нүүрс асна.
Бортгоны доод хэсэг агаар оруулах сувагтай мөн агаар утааны хий дамжуулах амтай. Тиймээс утаа гарахгүй. Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна” хэмээлээ.
Уг бортого нь зөвхөн энгийн монгол зуухтай айлуудад л тохиромжтой аж. Төслийн зуухнууд нь өөрсдийн гэсэн дулаан хадгалах технологитой байдаг бол монгол зуухнууд тийм биш. Тийм ч учраас эдгээр айл өрхүүддээ зориулан монгол инженерүүд энэхүү бортгыг бүтээжээ. Түлш хэмнэх бортыг ашигласнаар түлшээ ч хэмнэх, утааг ч бууруулах, гэрийн дулаанаа алдахгүй байх, өрхийн эдийн засагт ч ихээхэн хэмнэлттэй талаар албаны эх сурвалжууд хийгээд хэрэглэгчид ч хэлж байлаа. Утааг багасгаж, эдийн засаг хэмнэх энгийн нэг алхмуудын нэг нь түлш хэмнэгч бортого аж.
Эх сурвалж: Ubn.mn