“Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар эхлүүллээ

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлын бууруулах үндэсний хороо, Тавантолгой түлш ХХК хамтран “Яндангаа хөөлье” үндэсний аяныг улс орон даяар эхлүүллээ. 

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн эрсдэлийг бууруулах зорилгоор энэхүү аяныг эхлүүлж байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Статистик тоо харвал жил бүр 15-20 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Энэ бол том асуудал. Өглөө сэрэхэд л гэр бүлийн хэн нэгэн нь нас барсан байна гэдэг харамсалтай. Тиймээс “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар 9-р сарын 1-ээс эхлүүлж байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид гэр хорооллын гудамж талбайгаар эргүүл хийж явахдаа яндангаа хөөлөхийг уриалж, цагаан хоолойгоор мэдээлэл хүргэнэ. Мөн энэ аяны хүрээнд гарын авлага, бичмэл материал тараах зэрэг ажлыг хийнэ. Тэрчлэн Тавантолгой түлш ХХК-ийн дэргэдэх Хэрэглэгчдэд үйлчлэх алба иргэдээс 7011-9400 дугаараар дуудлага мэдээлэл авч, үүний дагуу Сервис төвийнхөн янданг нь хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг хэрхэн хангах талаар заавар зөвлөгөө өгнө” гэв.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхөөс 40 мянга нь яндангаа буулгаж цахилгаанд шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 162469 айлд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурьлуулсан. 37100 ширхэг угаар мэдрэгч Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хадгалагдаж байгаа. Үүнийг агаарын чанарын бүсэд шинээр орж байгаа хороодын 9750 айлд өгнө. Мөн түр оршин суугчидтайгаа нийлээд 15 мянга гаруйг тараана. Өнгөрсөн жил тараагдсан угаар мэдрэгчийн тэжээлийн зай дуусч байх магадлалтай учир айлууд маань тэжээлийг нь солих хэрэгтэй. Угаарын хийн эрсдэлийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1500, ОББҮХ-ны сайн дурын 4500, Төрийн албаны 6000 хүн ажиллана. Энэ хүмүүс маань өнөөдрийн байдлаар 60000 айлд хүрч ажилласан байна” гэв.

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Манай компани шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэгтэй компани. Гэхдээ зөв хэрэглээг бий болгох талаар ажиллах Хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулаад байна. Угаар гэдэг бол зөвхөн шахмал түлштэй холбоотой асуудал биш ээ. Гал түлж байгаа бүх газар байдаг. Өмнө нь ч байсан. Яндан хөөлөх чиглэлээр олон хүн өнгөрсөн жил дадлагажиж ажилласан. Энэ жил 100 орчим хүн яндан хөөлөх чиглэлээр ажиллана. Мөн иргэдээс 7011-9400 дугаарын утсаар дуудлага авч, заавар зөвлөгөө өгч ажиллана. Яндан хөөлөх нь өрхийн тэргүүн бүрийн асуудал учир энэ аянд нэгдэж яндангаа хөөлж, өвөлдөө бэлтгэхийг уриалж байна” гэлээ.

Сүүлийн 10 жилд 136 хүн угаараар амь насаа алдсан гэсэн тоо баримт цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж. Үүнээс нийслэлд 72, орон нутагт 64 тохиолдол байдаг юм байна. Угаартаж нас барсан хэрэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж ажиллахад олонх нь зуух пийшингийн битүүлжлэл алдагдсан, өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж угаартсан байдаг гэдгийг цагдаагийн хурандаа Ж.Даваажамъян хурлын үеэр хэлсэн юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ