ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР”, “САРЛАГИЙН БАЯР” ЗЭРЭГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2022 оны 07 сарын 22-ны өдөр “МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР”, тус аймгийн Бат-Өлзий суманд 2022 оны 07 сарын 23-ны өдөр “САРЛАГИЙН БАЯР” аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Уг эвент арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож, үйл ажиллагааг нээж дотоод, гадаадын жуулчид болон нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Үндэсний ёс уламжлал, өв соёлыг сурталчлах зорилготой энэхүү эвент арга хэмжээг дотоодын аялагч, жуулчдаас гадна Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны 1000 орчим жуулчид үзэж сонирхжээ.
“Монгол эсгий урлалын баяр” эвентээр эсгий хийх зан үйлийг сурталчилдаг бол “Сарлагийн баяр”-аар сарлаг бугуйлдах, булгиулах, сарлагийн уралдаан зэргээр тухайн аймаг сумдын ард иргэдийн амьдрал, ахуй соёлыг илэрхийлж, аялагч, жуулчдад сурталчилдаг байна. Түүнээс гадна тус наадмын үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарахаас гадна үндэсний бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, үндэсний сайхан хувцастай хосын тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.
Өвөрхангай аймагт болсон тус эвент арга хэмжээг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн БОАЖГазар, Хужирт сумын ЗДТГазар, Бат-Өлзий сумын ЗДТГазар, “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, “Хашхан” ХХК, “ДМД” ХХК, “Мон дижитал тур” ХХК, “Монголиа вояж” ХХК, “Блю скай” “Орхон тул” жуулчны бааз зэрэг аж ахуй нэгж байгууллагууд дэмжин оролцлоо.