Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гүйцэтгэх захирал Кайрат Сарыбай энэ 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Тэрээр айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, АХАИББХ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улс болон бүс нутагт энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад үзүүлэх хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд 2021 оны 10 дугаар сард Нур-Султан хотноо болсон АХАИББХ-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалт болон АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын нээлт амжилттай болсныг дурдаж, тус бага хурлын үйл ажиллагаанд Монгол Улс идэвх, санаачлагатай оролцож ирснийг тэмдэглэн, АХАИББХ-ыг бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болгох асуудлаар хэлэлцүүлгийг Монгол Улс дэмжиж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс АХАИББХ-ын Зөвлөх байгууллага болох Нэр хүндтэй зүтгэлтнүүдийн зөвлөлийн гишүүнд Ахмад дипломатч Б.Бэхбатын нэрийг дэвшүүлсэн бөгөөд тус бага хурлын хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээрх Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний зохицуулагчаар ажиллаж байна.