Хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан хүмүүсийн биеийн дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ.
Тэгвэл эмчид хандаж эмчилгээ бичүүлж авсан ч гэсэн гэрийн нөхцөлд ханиадаа хэрхэн эмчлэх талаар мэдлэгт нэмэр болох дараах 10 зөвлөгөөг хүргэж байна.
- Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт гэрээсээ аль болох гарахгүй өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал. Тиймээс сайтар унтаж амрах хэрэгтэй.
- Хамраа давсны уусмалаар угааж хэвшээрэй. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж угаана.
- Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал сайн. Ханиад хүрч халуурсан үед зөгийн балтай сүү хамгийн их тус болж, таны өвчнийг анагаах аж. Үүнийг ууснаар бие эрхтэний үйл ажиллагаа тайвширч, хэвийн байдалдаа орох бөгөөд зөгийн балтай буцалсан усыг өглөө бүр ууж хэвших нь бие эртхэнд онцгой сайн нөлөөтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ. /Жич зөгийн балыг 40 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулах бөгөөд 2 наснаас доош хэрэглэхгүйг анхаараарай. /
- Халуун устай ваннанд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март!
- Өрөө тасалгаандаа заавал агаар оруулах хэрэгтэй. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.
- Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол шинэхэн житс ногооны шүүс уугаарай.
- Ууранд утах нь хоолойн өвчнийг намдаах, ханиадыг дарахад мөн л онцгой нөлөө үзүүлдэг юм. Буцалсан усаар хамар, хоолойгоо утсанаар амьсгалын замаар халдварласан бактери устаж, ханиад намдах төдийгүй арьсыг толигор сайхан болгох давуу талтай билээ.
- Хамар битүүрч, амьсгалахад бэрх болсон үед гавар танд хэрэг болно. Хүчтэй, сэнгэнэсэн үнэр нь хамрын битүүг хормын дотор арилгаж, цэвэр агаар амьсгалах боломж гаргаж өгдөг юм.
- Ханиадыг хүчтэй эм бус халуун шөлөөр эмчлэх хэрэгтэй. Монголчуудын эрт дээр үеэс зооглож ирсэн ясны шөл нь ядаргааг тайлж, ханиадыг түргэн эдгээх тустай билээ.
- Ханиад хүрсэн үед бие сульдаж, босоход хүртэл хүндрэлтэй байдаг. Харин энэ үед халуун жин хэрэг болох бөгөөд таныг сэргээж, ядаргааг тайлж өгөх юм.
- Өвлийн цагт ханиад намдаах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол чацаргана билээ. Та ханиалгаж, хоолой тань өвдөж эхэлсэн бол яаралтай чацаргана буцалгаж уугаарай. Заавал ханиад хүрсэн үед бус өвлийн цагт ч мөн тогтмол уух хэрэгтэй.