Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй олон жил ажилласан гурван алба хаагчид иж бүрэн монгол гэр гардуулж өглөө. Энэ үеэр дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ “Бид алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, сайжруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран 4 алба хаагчдыг түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцаар хангасан. Мөн манай хамт олон 2021 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяныг дотооддоо өрнүүлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас цугларсан 110 сая төгрөгөөр гэр хорооллын жишиг хувийн орон сууцыг барьж 1 алба хаагчийн ар гэрт хүлээлгэн өгсөн байгаа. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх зорилт төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, өнөөдөр 3 алба хаагчдаа өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгч, амьдралд нь дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн.
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан Аврах ангийн Аврагч холбоочин, ахлах ахлагч Т.Уранзул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч дэд ахлагч Г.Алтангэрэл нарт иж бүрэн монгол гэрийг хүлээлгэн өгсөн юм.
Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, түүний найз нөхдийн санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд алба хаагчдын ар гэрийн төлөөлөл баярлаж, талархаж буйгаа илэрхийлж байлаа
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд өнгөрсөн онд 26 алба хаагчдад буцалтгүй тусламж, тэтгэмж урамшуулалд 19.5 сая төгрөг, ахмад настанд дэмжлэг үзүүлэхэд 30.8 сая төгрөг, мөн Голомт банктай хамтран 0,6 хувийн зээлд 6 албан хаагчийг хамруулж орон сууцтай болгосон гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.