Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн, зөвлөмж гаргалаа.
Зөвлөмжид:
НЭГ. НОГООН САНХҮҮЖИЛТ – ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:
1.1. Олон улсын байгууллагуудаас баталсан ногоон санхүүжилтийн төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч хяналт, тайлагналын тогтолцоо бий болгох;
1.2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үүсгэн байгуулж буй Монголын ногоон санхүүгийн корпорац байгуулах хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай Засгийн газрын санхүүжилтийг шийдвэрлэж, үйл ажиллагааг эхлүүлэх;
1.3. Ногоон зээлийг банкны салбарт 10 хувь, ББСБ-уудад таван хувьд хүргэхэд шаардлагатай бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ногоон зээлд эрсдэлийн сан байгуулах, хөнгөлөлт урамшуулал олгох, ногоон зээлийн эх үүсвэрийн свопын зардлыг бууруулах зэрэг хөшүүрэг бий болгох;
1.4. Үндэсний тогтвортой санхүүгийн стратегийг холбогдох байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг хангах;
1.5. Санхүүжилт шаардлагатай төслүүд бэлтгэж, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх;
1.6. Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбоо, сүлжээнд Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй оролцож, олон улсын сайн туршлагыг судлах, Монгол Улсад хийж байгаа ажлуудаа таниулах;
1.7. Ногоон бонд, тогтвортой хөгжлийн бондын шалгуур, стандартыг хангах ногоон төсөл, зээл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, активыг сонгох аргачлал, үр дүнг үнэлэх шалгуур, суурь үзүүлэлт, аргачлалуудыг боловсруулж нэвтрүүлэх;
1.8. Аж ахуйн нэгж, байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон төсөл бэлтгэх техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлэх;
1.9. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл зэрэг хөтөлбөрт ногоон квот, зорилтыг тусгах, хяналт, тайлагналын механизмыг сайжруулах, ногоон зээлийн татаас олгох хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх;
1.10. Ногоон технологи оруулж ирэхэд татварын хөнгөлөлт олгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг тоног төхөөрөмжийн жагсаалтыг ногоон зээлийн эрэлт, ногоон таксономитой уялдуулж шинэчлэх;
1.11. Ногоон барилгын стандарт, шалгуур үзүүлэлтийг үндэсний онцлогт нийцүүлэн боловсруулж, хот төлөвлөлт, дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтад ногоон барилгын хяналт, баталгаажуулалтын үнэлгээний систем нэвтрүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн холбогдох хууль, эрх зүйн орчинг шинэчлэх;
1.12. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих;
1.13. Хувийн хэвшлийн оролцоо, олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцоолох, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, түншлэлийг дэмжих;
ХОЁР. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР:
2.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах стратегийг хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдэд уялдуулан тусгаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд салбар дундын үйл ажиллагааны уялдааг хангах;
2.2. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төлөвлөгөөнд туссан арга хэмжээг салбарын яамд болон төрийн байгууллагуудын богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангах;
2.3. 2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр төлөвлөсөн 11.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсөвт тусгах замаар Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх;
2.4. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргаж, төр, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх;
2.5. Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, байгальд ээлтэй, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх бүс нутгийн платформ бий болгох;
2.6. Цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг сааруулах технологи дамжуулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.7. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хангамжийг сайжруулах, Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэх боломж, арга замыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах;
ГУРАВ. “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР:
3.1. Ногоон хөгжлийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, санхүүжилтийг олон талын эх үүсвэрээс бүрдүүлэх боломжийг судалж, олон улсын банк, санхүү, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
3.2. Томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, Уур амьсгалын ногоон сангаас баталсан баруун бүсийн аймаг, сумдын хөгжлийн төслийг “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн жишиг төслийн түвшинд хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан загвар бүс нутаг болгох;
3.3. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцоолол гаргах;
3.4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжих ойжуулалт, мод тарьж ургуулах төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хувийн хэвшлийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаатай уялдуулж, хамтран ажиллах, санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.5. Нийгэм, эдийн засаг, экологийн ач холбогдолтой “Хөх морь” төслийг үе шаттай хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардагдах төсөв, санхүүжилтийг олон талт эх үүсвэрээс бүрдүүлэх нөхцөл бий болгох;
3.6 Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, байгаль орчны тогтвортой санхүүжилтийн тогтолцооны шинэ хэлбэр бүрдүүлэхийг тусгажээ.
Зөвлөмжийг 04 дүгээр сарын 7-8-нд болох Монголын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.