“НОГООН САНХҮҮЖИЛТ – БҮС НУТГИЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд үг хэллээ.  Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, Энд хуран цугласан хүндэт зочид төлөөлөгчид өө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулагчдад болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулахаар энэ танхимд хуран цугласан Та бүхэндээ талархал илэрхийлье. Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд хамтран тэмцлээ. Цар тахлын хүндрэл бүрэн дуусаагүй байхад дэлхийн геополитикт хүчтэй доргилт өгсөн зэвсэгт мөргөлдөөн бүхий хямралт байдал давхцсан нь олон улсын нийгмийн амьдрал, эдийн засагт үнийн өсөлт, хүнсний хомсдол зэрэг нэн амаргүй эгзэгтэй байдлыг бий болгож байна. Гэвч энэ бүхэн зөвхөн цаг хугацааны хямрал юм. Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, дэлхийн хямралт байдлыг даван туулах ёстой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөн бидний мөхөлд хүргэх эрсдэлтэй нөхцөл байдал юм. Өнөөдрийн чуулган “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, “Монголын эдийн засгийн форум-2022” нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөмж гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг цаг алдалгүй тодорхойлох учиртай. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь цөлжих эрсдэлд орж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жилээс жилд урагшилж, хүн, мал дайжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм. Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн юм. “Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох билээ. Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг онцлон тэмдэглэж байна. Бид олон улсын чиг хандлагатай нийцүүлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго”, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаанд нийцсэн эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрийн чуулганаар Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг баталж, хэрэгжүүлснээр банкны салбарт ногоон зээлийг нийт зээлийн 10 хувьд хүргэх боломж бүрдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “цөлжилтийг сааруулж элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг” хэмээн онцгойлон тусгасан. Өнөөдрийн чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм аа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ