Тухайн үед албаныхан хоёр сая шуудайг импортоор, хоёр сая шуудайг нь иргэдээс авах зарчмаар ажиллана гэсэн. Энэ дагуу сав баглаа, боодол, даацын шуудай үйлдвэрлэгч “Гранд Лаки” компаниас нэг сая шуудай туршилтын журмаар худалдаж авчээ.Өглөөний 11:00 цагт бидний хэлж заншсанаар 32-ын тойргийн дэргэдэх сайжруулсан түлш борлуулах цэгт түлш авч буй иргэд харагдсангүй. Мэдээж ажлын өдөр, ажлын цаг таарсан учир борлуулалтын цэг худалдан авагчгүй байлаа. Тус цэгийн борлуулагч өглөөхөн буусан сайжруулсан түлш, ногоон шуудайтай моднуудаа цэгцэлж харагдана.



Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг хөнгөлттэй үнээр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтэн өмнө нь хэлж байсан.Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол “Гранд Лаки” компаниас 600 төгрөгөөр худалдаж авч байгаа нь өртгийн хувьд ижил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урд хөршөөс тээврийн зардал болон бусад зардал нэмэгдэхгүйгээр эндээс нийлүүлж байгаа ч өртгийн хувьд ижил үнэтэй байна. “ДОТООДЫН НИЙЛҮҮЛЖ БУЙ ШУУДАЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ” Гэр хорооллын гудамжны үзүүрт овоолсон улаан шуудайтай хог харагдана. Иргэд шуудайны утсыг цэвэрхэн хөврүүлж авсан байх бөгөөд ихэнх нь үнстэй шуудай аж. Одоо ашиглаж буй улаан шуудай нь будагч бодис болон гялгар материалаар хийсэн тул байгальд шингэх боломжгүй аж. Энэ талаар “Гранд Лаки” компанийн захирал О.Энхбаяраас тодрууллаа. “Манай компани сайжруулсан түлш савлаж буй 25 килограммын шуудайг хангах бүрэн боломжтой. Бидний үйлдвэрлэж буй цагаан шуудай хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай юм. Одоо ашиглаж буй улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй материалтай юм шүү дээ. Монголд даацын болон жижиг шуудай үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хамгийн гол эрсдэл нь манайд шуудай үйлдвэрлэгдэхэд хамгийн чухал түүхий эд болох полимер материал байдаггүй.


