Дэлхийн улс орнууд, тэр дундаа манай улсад зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ-аас мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Энэ хүрээнд ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ, хорт хавдрыг даван туулагчид болон сэтгүүлчдийн төлөөлөл бүхий чөлөөт уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Од өвчний шинж тэмдэг, халдварлах зам, эрт илрүүлгийн ач холбогдол болон хожуу үеийн хавдрын эмчилгээ, шалтгаалах хүчин зүйлс, өвчлөл ба нас баралтын талаарх судалгаа мэдээллийг сэтгүүлчдэд өгч, дээрх сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа.
Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан эндэгдэл ихсэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна.
Тухайлбал, ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19,2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9,9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас амь насаа алджээ. Манай орны хувьд өнгөрсөн онд 6702 хорт хавдрын өвчлөл шинээр бүртгэгдсэн бөгөөд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон умайн хүзүүний хорт хавдрууд зонхилон тохиолдож байна.
Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар бөгөөд манай орны эмэгтэйчүүдийн дунд хамгийн ихээр зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэг юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангаас охид, бүсгүйчүүдийн уг хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, илрүүлэг шинжилгээ болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөх, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа ажээ.
Манай улсын хувьд 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2012 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн. Илрүүлгийн хамрагдалтыг сүүлийн 8 жилийн дунджаар харьцуулан үзэхэд орон нутагт 50,8%, нийслэлд 27,7%, улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 39,7 хувь нь уг илрүүлэгт хамрагдсан үр дүнтэй байна. Цаашид нөлөөллийн аянаар дамжуулан үндэсний хэмжээнд илрүүлгийг нэмэгдүүлэх, охид бүсгүйчүүдийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох юм.
Иймд охид эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал бөгөөд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадсанаар эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрхтэн тогтолцооны бусад эмгэг, хүндрэлээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.