Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа зарим хяналт шалгалтын талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Барилгын зураг төслийн хяналтын байцаагч, ахмад Б.Даваасүрэнгээс тодрууллаа.
–Нийслэлийн хэмжээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт тавих чиглэлээр ямар шалгалтууд хийгдэж байна вэ?
-Он гарсаар Монгол Улсын Шадар сайдын 2022 онд баталсан Худалдаа олон нийт, үзвэр барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт шалгалтын хүрээнд нийт 165 худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжийг хамруулж хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 158 байгууллага хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 740 зөрчил илрүүлж, 96 зөрчил буюу 12.9 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 72, мэдэгдэл 77, танилцуулга 5, дүгнэлт 1-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны баталсан “Орон сууцны барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулах тухай” удирдамжийн хэрэгжилтийг ханган нийслэлийн 9 дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалтыг зохион байгуулж нийт 186 орон сууц болон СӨХ -ыг шалган 730 зөрчил илрүүлж 74 зөрчлийг газар дээр нь арилгуулан, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 56, Мэдэгдэл 80-г хүргүүлэн хяналт шалгалт үргэлжилж байна. Хяналт шалгалт 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
-Хяналт шалгалтын хүрээнд илэрч байгаа нийтлэг зөрчлийн талаар тодруулбал?
-Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.3 Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид байх зөөврийн гар гал унтраагуурыг норм дүрмийн дагуу байрлуулаагүй, объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц аврах үйл ажиллагаа явуулах авралтын схем зураг стандартын дагуу байрлуулаагүй, Барилгын гадна галын гидрантыг байнга бэлэн байдалд байлгаж, өвөл хөлдөхөөс хамгаалан дулаалж цэвэрлээгүй, аж ахуй нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн талбайн 50м доторх гадна галын гидрантын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, галын гадна гидрант төлөвлөгдөөгүй, төлөвлөгдсөн боловч ажиллахгүй ашиглалтын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд зонхилж байна.
-Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн нөхцөл байдал хэр байна вэ? Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад ямар зөвлөмж өгөх вэ?
-Он гарсаар объектын гал түймрийн 399 дуудлагатай байна. Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг иргэдийн санамсар болгоомжгүй байдал, ил гал гаргах, галлагааны аюулгүй байдлыг хангаагүй, яндангийн цонолт, цахилгаан ашиглалт, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймрийн тоо хохирол өсөхөд нөлөөлж байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн объектуудыг барьж байгуулахдаа /сэндвичен/ хавтан ашиглан барьж байна. Тус материал нь эдийн засгийн хэмнэлттэй ч гал тэсвэржилтийн зэрэг муутай, гал түймэр маш хурдан тархан дэлгэрдэг учир дутагдалтай барилгын хийц материал юм.
Объектын хийц бүтээцийг сонгохдоо гал тэсвэржилтийн зэрэг өндөртэй, барилгын материалаар барьж байгуулах, мөн худалдаа олон нийт, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын шаардлагыг биелүүлж аюулгүй байдлаа хангах нь маш чухал юм.